Дорнод аймгийн Чойбалсан дахь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд Хэрлэн голд 10 настай хүүхэд усанд осолдсон байна. Одоогоор эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй аж. Уг явдал өнгөрсөн сарын 29-нд болжээ. Тодруулбал, аймгийнх нь Онцгой байдлын газарт “Түгээмэл оюун” сургуулийн тавдугаар ангийн сурагчид хүн ба орчин хичээлийнхээ хүрээнд Хэрлэн голтой танилцсан юм байна.
Энэ үеэр гурван хүүхэд голын усанд осолджээ. Эл дуудлагыг хүлээн авснаас есөн минутын дараа онцгой байдлын алба хаагчид газар дээр нь очжээ. Ингээд гурван хүүхдийн хоёрыг нь уснаас гаргасан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа гэв.
Хэрлэн голын мөс 10-28 см-ийн зузаан байгаа аж. Тиймээс алба хаагчид зарим хэсэгт нь цооног гаргаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Чулуунхороот сум дахь Хөх нуурын дээгүүр автомашинтай явж байхад нь мөс цөмөрсөн тохиолдол гарчээ. Одоогоор голын ус бүрэн хөлдөөгүй тул зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
А.ҮҮЛ