Бид нийтээрээ нэг зүйлийг ойлгохгүй бол горьгүй нь ээ. Сайд, дарга нар нь ч тэр, иргэд, олон нийт ч ялгаагүй. Тэр дундаа “Үнэ төлбөргүй” гэх үйлчилгээнээс цөмөөрөө татгалзъя. Ингэж ярьж, бичихээ ч больцгооё. Учир нь өнөөдөр үнэ төлбөргүй зүйл гэж нэг ч байхгүй. Та, бидний үргэлж гоочилж шүүмжилдэг, үнэгүй үзлэг, оношилгоо хийх ёстой гэж чичилдэг улсын эмнэлгийн бүх үйлчилгээ нь төлбөртэй гээд бод доо. Таны хүүхдийг төлбөрг үй үзэж шинжлээд, нэг ч төгрөг гаргуулахгүйгээр эмнэлэгт хэвт үүлээд, эм, тариа зүгээр өгдөг юм биш. Улсаас сайндаа залуус, хөгшдийг ч урьдчилан сэргийлэх үзлэгт үнэг үй хамруулаад байдаг гэж та бодож байна уу. Үгүй шүү дээ, энэ бүхний цаана эрүүл мэндийн даатгалын мөнгө хэдэн зуун сая, тэрбумаараа “урсаж” байдаг юм.
Өөрөөр хэлбэл, социализмын үеэс л улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үзэж, эмчилдэг гэх ойлголтыг өгч, одоо ч амь бөхтэй байлгасаар, цаашид ч ийм хэвээр үлдээх нь улс төрчид, дарга нарт л ашигтай. Тэд ядарсан иргэдээ үнэгүй эмчилж буй мэт харагдаж, бас саймширч пиараа хийдэг. Түүнээс биш төрөлжсөн мэргэжлийн байтугай, өрхийн эмнэлэгт хүртэл үзүүлсэн ч төлбөртэй гэдгийг бүгдээрээ ойлгох цаг болжээ. Учир нь үнэ төлбөргүй гэх үйлчилгээний ард Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн олон хүний хөлс, хүчээр цуглуулдаг, үнэ цэнтэй мөнгө ямар ч хяналтгүй зарцуулагдсаар буй юм.
Даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулагчид өнгөрсөн хугацаанд ямар ч үр ашиггүйгээр “салхинд хийсгэсэн” гэхээсээ хэн нэгэн эрх мэдэлтний, байгууллагынхны халаасыг түнтийлгэхэд илүүтэй үйлчилсэн гэж хэлж болно. Даатгалын санг “модоо барихад” хүргэсэн өч төчнөөн шалтгаан бий. Тэгвэл үүнд чамгүй хөрөнгө оруулсан нэг жишээ нь урьдчилан сэргийлэх үзлэг юм.
Улсын хэмжээнд 2018 оны сүүлчээс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөртэй зэрэг шахам хэрэгжүүлж эхэлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг сүүлийн зургаан жилд тасралтгүй хийж байгаа. 2022 он хүртэл эл нэрээр нь хэрэгжүүлээд, тус арга хэмжээний нийтлэг үндэслэл, үйл ажиллагааны зорилго, зохион байгуулах дүрэм журмыг боловсруулж, хуульчилсан байдаг. Тодруулбал, тухайн үед салбарын сайд, дарга нар дээрх урьдчилан сэргийлэх үзлэг үр дүнгүй, ажиллах дүрэм журам нь тодорхойгүй байна хэмээгээд Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмыг Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны тушаалаар баталсан. Үүнээс хоёр сарын дараа энэхүү урт нэртэй журмыг улсын хэмжээнд мөрдөж, эрт илрүүлгийг эхлүүлсэн билээ.
Гэтэл насны бүлгээр ангилж ялгасан, 4-5 багц үзлэг, шинжилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийнэ гэж бас л итгүүлсэн. Үнэгүй юм гэсэн шиг тав хүртэлх насны хүүхдүүдийн эрт илрүүлэг ч “худлаа” болов. Хаана хаанаа сэтгэл гаргасангүй. Өрхийн эмч нар энэ насны хүүхдүүдийн амыг нь ангайлгаж шүдийг нь шалгасан, гэрэл тусгаж хоолойг нь харав, боллоо. Бас өндөр, жинг нь үзээд, зөвлөгөө өгөөд гаргахдаа зөрүүлээд даатгалаас 150 хүртэлх мянган төгрөгийн санхүүжилт авсныг, авсаар буйг хэлэхээ мартаж.
Тэгвэл насанд хүрэгчдийн үзлэгийг хэрхэн “халтууртдаг” гээч. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхны өгсөн мэдээллээр улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ хийх гэрээтэй 110 эмнэлэг байдаг аж. Гэрээт эмнэлэгт иргэд урьдчилан сэргийлэх багц үйлчилгээнд “орсон” тохиолдолд нэг хүний тоогоор даатгалаас 150-600 хүртэлх мянган төгрөгийн санхүүжилт авч буй. Тэгсэн хэрнээ үзлэг хийлгэхээр очсон улсын эмнэлэгт нь наад захын дотрын ЭХО, ходоодны дуран байдаггүй. 30 хүртэлх насныхны үзлэгийн багц дахь дөрвөн өөр төрлийн шинжилгээ нь гэхэд л цусны ерөнхий, тэмбүү, ХДХВ, элэгний В, С вирус илрүүлэх. Эдгээр өвчнийг цуснаас нэг хатгалтаар буюу ганцхан сорьцоор шинжилчих байтал “дөрвөн төрлийн шинжилгээ хийсэн” гээд л даатгалаас ичих ч үгүй мөнгө авах.
Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний зардалд 2019 оноос хойш жилд дунджаар 70-100 тэрбум төгрөгийг даатгалаас санхүүжүүлж иржээ. Гэсэн ч энэ ажил одоо болтол үр дүнгүй хэвээр. “Эрт илрүүлэг зохион байгуулах нэрийдлээр сүүлийн хэдэн жилд үзлэгийн тоо хөөцөлдсөн, мөнгө үргүй зарцуулсан хүмүүс л олширлоо. Тэрнээс биш үхэлд хүргэж буй өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадахгүй байна. Үр дүн ажиглагдахаар хугацаа ч өнгөрлөө. Хүүхдийн эрт илрүүлгийг нарийн мэргэжлийн түвшинд хийхгүй байна. Тэгэхэд цаана нь жил бүр 120-150 хүүхэд хорт хавдартай гэж оношлогдсоор. Насанд хүрэгчид нь ч эрт илрүүлгээрээ бус, хожуу шатандаа өвчин нь жамаараа илэрч, нас барсаар байхад жилд хэдэн арван тэрбумаар нь ингэж үргүй зарлагадах хэрэг байна уу” гэдгийг УИХ-ын гишүүд ч саяхан шүүмжилсэн билээ.
Зуд болохоор нохой зоолно, зовлон учрахад лам баяжина гэгчээр урьдчилан сэргийлэх үзлэгийг даатгалаас санхүүжүүлэн орон даяар хийх сургаар хэн хамгийн их баярласан гээч. Хувийн болон улсын томоохон гэгддэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд. Тэд эртнээс л аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарч, ажилчдыг нь бөөн бөөнөөр нь, 200, 300-гаар нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нэрийдлээр даатгалаас мөнгө завшиж сурсан улс. Даатгалаараа үзүүлэх гээд дугаарлан буй, багцын төлбөр төлж, сайн дураараа илрүүлэгт хамрагдахаар хүлээн суугаа иргэдийн урдуур тэд хээвнэг энэ ч манай яам, Тамгын газрынхан, тэр ч миний компани, байгууллагынхан хэмээгээд гаднын хүмүүсийг 50, 100-гаар нь дайрч оруулах нь энүүхэнд. Өнөөх мөнгө цагаан, нүд улаан гэж энэ.
Нэгэн танилын маань нөхөр уул уурхайн компанид ээлжээр ажилладаг юм. Тэдний компани нь 200 хол давсан ажилчнаа зургаан сар, жил тутамд үзлэг, шинжилгээнд хамруулдаг, хачин халамжтай захиралтай гэж байгаа. Өнгөц харахад эдний захирлыг сүрхий хүн юм гэж магтаж болох ч ачир дээрээ эмч нар, энэ компанийнхан ч хууль зөрчиж буй юм шүү дээ. Учир нь иргэд, даатгуулагчдыг эрт илрүүлэгт хоёр жилд нэг удаа хамрагдахыг дээрх урт нэртэй журмаар хуульчилсан байдаг. Гэтэл улс, хувийн эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэгийг сайн дураараа, үнэгүй хийгээд байгаа мэтээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг “мунхруулж”, ажилчдынх нь, та, бидний даатгалын мөнгөөр ингэж хөлжсөөр байж болох уу.
Эмч нарын хамгийн их ярьж, шүүмжилдэг шаардлагагүй үзлэг, шинжилгээг иргэд хамгийн их хийлгэдэг юм биш. Тэгээд ч сайн дураараа үзүүлье, эрт оношлуулъя гээд харьяа эмнэлэгтээ очихоор “Өвдөөгүй юм бол юундаа ирсэн юм” хэмээн хөөдөг биз дээ. Харин ч эмч нарын өөрсдийнх нь оролцоотой компани, байгууллагуудын эрт илрүүлэг нэртэй зургаан сар, жил тутмын үр дүнгүй шинжилгээнүүд нь л шаардлагагүй үзлэг гэдгийг иргэд, олон нийт хэлж байна.
Тэр дундаа урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар хийж эхэлсэн 2018 оноос хойш хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын зардал “гэрлийн хурдаар” өссөнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно. Тодруулбал, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт зардал 2017 онд 455 тэрбум байсан бол дараа жил нь 557 тэрбум төгрөг болж өсжээ. Улмаар 2019 онд 616, дараа жил нь 872 тэрбум, эрт илрүүлгийн тогтолцоог өөрчлөн эхлүүлсэн 2022 онд бүр 1.8 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Тэгвэл улсын эмнэлгүүдийн зардлыг харвал 2018 онд 628 тэрбум байсан бол дөрвөн жилийн дараа 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Гэсэн ч хувийн эмнэлгүүдийнхээс зардал нь 400 тэрбум төгрөгөөр бага байгаа биз. Олон улсад ч урьдчилан сэргийлэх үзлэгийг багадаа хоёр жил тутамд заавал хийлгэхийг иргэдэд зөвлөдөг. Зарим улсад шаардлагатай үед буюу архаг, хууч өвчтэй, зүрх, судасны эмгэгтэй, хавдартай гэхчлэн улирал, сараар хянах ёстой хүмүүсээ үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Харин манайх шиг эрүүл саруул, идэр насны залуусыг зургаан сар, жил тутамд 20, 30 төрлийн шинжилгээ хийж, даатгалынхаа мөнгийг үрдэггүй. Зорилтот бүлэг, насыг оновчтой тодорхойлж, эрт илрүүлэгт хамруулах өвчний жагсаалтыг ч маш нарийн боловсруулдаг аж.