Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг олж, түлхүүрийг нь тааруулж “сурсан” улс төрч бол УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Баатархүү. Тэрбээр 2012, 2016 онд тус дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бол 2024 оны парламентын сонгуульд Чингэлтэй, Сүхбаатарыг нэгтгэсэн 10 дугаар тойргоос гарсан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж ялагдал хүлээсэн түүнийг энэ удаа хамгийн өрсөлдөөнтэй тойргоос гуравдугаарт эрэмбэлэгдэн АН-аас сонгогдоход чингэлтэйчүүдийн санал л гол нөлөө үзүүлсэн гэдэг. Учир нь тэрбээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа тойргийнхондоо “халамж, анхаарал” бишгүй тавьж, өөрийгөө таниулах, “ач сануулах” ажлуудыг чамгүй хийжээ. Бас нийслэлтэй холбоотой аливаа асуудал, шийдвэрүүдэд сөрөг хүчний байр сууриас шүүмжлэлтэй хандаж, дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн аж.
Ерөнхий сайдтай нутаг нэгтэй тэрбээр МУИС-ийг улс төр судлаачаар, “Хан-Уул” дээд сургуулийг хэрэглээний математикчаар төгсжээ. 2007 онд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, 2023 онд Харвардын их сургуулийн менежментийн мэргэших хөтөлбөрт хамрагдаж.
Улс төрд хөл тавьсан үе нь 2012 он. Энэ үеэс эхлэн тэрбээр нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр найман жил ажилласан. Үүнийхээ хажуугаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, хотын даргын орлогч, “Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга, Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх зэрэг албан тушаал хашжээ. 2020 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад хоёр сар гаруй болж байхдаа УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн бөгөөд өөрөө ч, нам нь ч ялагдал хүлээснээр сүүлийн дөрвөн жилийг харьцангуй дуу шуу, чимээ анир багатай өнгөрүүлсэн. Гэхдээ сонгуулийн дараа АН-ын дотор өрнөсөн хэрүүл тэмцэл, сандал суудлын төлөөх “зодоон”-оос түүний нэр хол байгаагүй. Ц.Баатархүү илтгэх урлагийг чамгүй эзэмшсэн. Энэ нь түүний товч тодорхой, цэгцтэй ярианаас нь илт анзаарагддаг. Тэр 2004 онд үүсгэн байгуулсан “Монголын лектор төв” хэмээх сургалтын байгууллагаа “MLC business school” ХХК болгон өргөжүүлж, хувь хүн, байгууллагуудад илтгэх урлаг, хүний хөгжлийн сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслэн “Зөв ярих ухаан”, “Ажил хэргийн гурвалжин”, “Манлайллын мөрдлөг” зэрэг ном бичсэн аж.
Түүний нэрийн хуудас болсон ажил нь “20к IT ingener” хөтөлбөр. Дэлхий дахинд ид моод болж буй мэдээллийн технологийн инженерийн мэргэжлийг эх хэлээрээ эзэмших боломжийг монгол залууст олгох санаачилгыг тэрбээр гаргаж, Болгарт төвтэй “SoftUni global” компанитай 2022 оноос энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ. Мэдээллийн технологийн салбарт хийсэн уг ажлаас нь үүдэн Ерөнхий сайд түүнийг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтааж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилсон байх талтай. Зарим нь энэ томилгоог нутаг нугын “ахан, дүүс”-ийн харилцаатай ч холбож үздэг юм билээ. Ямартай ч тэс хөндлөн мэргэжлийнх бус, хэрэглээний математик, мэдээллийн технологитой ойр хүнд цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг хариуцуулсан нь олзуурхууштай. Засгийн газрын гишүүд нь үндэсний хиймэл дагуул хөөргөж, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх боломжийг ярьж эхлэхтэй зэрэгцээд улсынх нь нэгэн том хувийн эмнэлгийн систем кибер халдлагад өртөж, олон мянган өвчтөний хувийн мэдээлэл алдагдсан ээдрээтэй цаг үед тэрбээр цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг хариуцаж аваад байна. Түүнийг цаашид хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ярьж буй цахим шилжилтийг хийж чадах болов уу.
Н.Мишээл