Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг ажлын тайлангаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу яамдуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргасан тайлан мэдээг ирүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлжээ. Энэ талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн тайлангаа одоогоор 16 яам ирүүлээд байна. Эндээс дөрвөн яам л ажлаа ойлгож, тайлан мэдээллээ зөв ирүүлжээ. Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам л нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэйгээ уялдуулж, шалгуур үзүүлэлтээ гаргаад тайлангаа ирүүлсэн байна. Бусад нь Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан маягаар ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй тайлангаа уялдуулж, ирүүлээгүй гэсэн үг.
Энэ талаар албаны хүмүүсийг нь энэ долоо хоногт дуудаж тодруулна. Нэг бол ажлаа, эсвэл Ерөнхий сайдын албан даалгаврыг ойлгоогүй, үгүй бол бүр хийж хэрэгжүүлж амжихгүй байна уу гэдэг тайлбарыг нь сонсоно. Дөрвөн яам нь тайлангаа зөв ирүүлсэн байхад бусад нь хийж болохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс хуваарь гаргаад албаны хүмүүсээс нь тайлбар авах юм. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор гаргасан албан даалгаврын хэрэгжилтийг энэ ондоо багтаж, Ерөнхий сайд Засгийн газарт танилцуулах юм” гэв. Мөн тэрбээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгт оролцохгүйгээр иргэдэд хүрэх үйлчилгээг илүү шуурхай болгох, чанартай хүртээмжтэй байхад хамтарч ажиллахаа дуулгав. Хулгай, дээрмээс илүүтэй цахим гэмт хэрэг, залилан гэх мэт хэргүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ чиглэлд илүү ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг мөн дурдлаа.
Ч.БОЛОР