Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунбаян уулын гудамжны нэгэн тоотод бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлсэн хэрэг гарав. Т.М гэх 42 настай эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж, тухайн хаягт хамт амьдардаг нагац дүү, 10 настай охин руу буцалсан ус цацсан байна. Өдгөө энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хүүхдийн бие сайн байгааг ГССҮТ-ийн Түлэнхийн төвийнхөн хэлсэн юм.
Үүнээс гадна тус төвд орон нутгаас ирж эмчлүүлж байсан 51 настай хүн нас баржээ. Сэлэнгийн Баруунбүрэн сумд өнгөрсөн сарын 23-ны шөнө айлын гэр шатсанаас дээрх хүн түлэгдэн Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлэн эмчлүүлж эхэлсэн аж. Улмаар нийслэлийн Түлэнхийн төвд шилжүүлэн эмчилгээ хийсэн ч биеийн нэлээд хэсэг нь түлэгдэж, шархадсанаас амийг нь аварч чадаагүй байна.
Г.ОРЧЛОН