Хүүхдүүд гелэн угаалгын бодисыг задалж уух, нүд рүүгээ оруулснаас хордож эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсжээ. Энэ талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эмч Э.Намуун “Угаалгын шингэн бодис олон янз болжээ. Өнгө үзэмж нь гоё, чихэр шиг л харагддаг. Тиймээс хүүхэд сонирхон, бүр ууснаас хордож, манай эмнэлэгт хандсан.
Мөн угаалгын бодисоор тоглож байгаад хагалж, нүд рүүгээ оруулж үрэвсүүлсэн тохиолдол ч бий. Тиймээс эцэг, эхчүүд анхааралтай байх шаардлагатай. Энэ төрлийн бодисыг хүүхдүүдээс аль болох хол байлгах хэрэгтэй. Мөн хүүхэд хордохоор зүйл уусан бол эмнэлэгт нэг цагийн дотор хандах ёстой” гэсэн юм.
Түүнчлэн хүүхдүүд ийм бодисыг гэрээсээ авч, цэцэрлэгийнхээ найзуудад чихэр гэж өгсөн тохиолдол ч гарчээ. Ташрамд дурдахад, уушгины хатгааг гэрээр “эмчлэх” гэж оролдон улам ч хүндрүүлэх болсон гэнэ. Цахим сүлжээнээс харсан, хамаатан саднаасаа сонссон аргаараа хатгааг “эмчлэх” гэж оролдон өвчнийг хүндэрсний дараа эмнэлэгт хандаж буйг Э.Намуун онцолжээ. Тухайлбал, “Хүүхдийг хатгаатай үед нь архиар цээжийг нь боож, өвчин нь хүндэрсэн хойно хоёр иргэн манай эмнэлэгт хандлаа” гэж тэрбээр цахим хуудсандаа сэрэмжлүүлсэн байв.
А.ҮҮЛЭЭ