-Амьтан тэжээх гэдэг зугаа биш, хариуцлага-
Санамсаргүй тохиолдлоор муужгайтай болов. Эхээс төрөөд хоёр сар болсон, өхөөрдөм амьтныг гэртээ оруулсан цагаас хайрлаж эхэллээ. Өмнө нь бол төсөөлдөггүй байсан. Ер нь гэртээ амьтан тэжээхийг ойшоодоггүй, дургүй шахуу. Өмнөх эзэн нь Мочи гэж нэрлэсэн өхөөрдөм муужгайд бүх талаар “нурж унав” аа. Эгээл хүүхэд мэт эрхлүүлэв. Гэтэл удалгүй хөл нь загатнаж, улаан юм туурав. Эмчлүүлсэн ч эдгэдэггүй. Бүтэн сар болоход сайжрахгүй байсан тул эмч “Муужгайгаа гарга” гэв.
Гэр бүлээрээ ярилцсанаар Мочигоо айлд үрчлүүлэхээр боллоо. Ийм шийдвэр гаргасан даруйд хоолой зангирсан. Уйллаа. Хүлээж авах айл ядах юмгүй олсон бөгөөд муужгайгаа харах бүрийд нулимс гараад байв. Мочийг минь шинэ эзэд нь тэвэрч одоход би гэдэг хүн хүмүүст хандаж хэлэх хэдэн үгтэй л үлдсэн юм. Төрсөн бодол, хэлэх гэсэн санаагаа муужгайн яриа хэлбэрээр хүргэе.
МОЧИ ГЭЖ ХЭН БЭ
Сайн уу, би Мочи байна. Миний анхны эзэн есөн настай хөөрхөн хүү Маадаа надад Мочи гэдэг нэр өгсөн юм. Ямар утгатайг нь мэдэх үү. Гоё амттан байдаг юм шүү дээ. Маадаа надад их хайртай. Байнга тэвэрч, энхрийлдэг. Нэг өглөө хартал жаахан эзний минь нүд нь бүлцийгээд, улайчихсан байв. “Загатнаад байна” гээд нухаад байлаа. Эмчид үзүүлэхэд муурын харшилтай гэжээ. Би эхлээд ойлгоогүй. Харшил гэж юу юм, яагаад нүд нь өвддөг юм бол гэж бодлоо. Маадаа эм уугаад, удаан унтаад байхаар надад хийх зүйл олдохгүй, уйтгартай.
Нэг өдөр аав нь “Муужгайгаа үрчлүүлье дээ” гэлээ. Хүүгийн ээж, эгч хоёр дуугарсангүй. Маргааш нь тэд намайг хамаатныхаа эгч Дөдөгийнд авчирсан юм. Дөдө намайг харангуутаа тэвэрч, үнссэн. Тэр өдрөөс хойш нэлээд хэд хоногийн дараа Дөдө утсаар ярихдаа “Аав аа, би аялалд явах гэж байна. Та Мочийг харж, асарч байгаач, тэгэх үү” гэв.
Би Цоогий ахынх гэдэг айлд ирлээ. Ах эхнэр Ооёо эгч, ээж Дулам нартайгаа хамт амьдардаг. Тэд бүгд надад хайртай. Ээлжилж тэврэн, өвөр дээрээ унтуулж, заримдаа бүр “Нялх юм” гээд бүүвэйлдэг. Хажуудаа унтуулах гэж булаацалдах нь хөгжилтэй.
МИНИЙ ӨДӨРТ ХИЙДЭГ “АЖЛУУД”
Эмээ өдөрт олон цагаар унтаж, Цоогий ах эзгүй үед Ооёо эгч компьютерт юм бичиж өнжих нь элбэг. Тэр үед залхуутай. Заримдаа би Ооёо эгчээр юм бичүүлэхгүй гэж компьютерынх нь “гар” дээр гарч хэвтдэг. Гэсэн ч эгч намайг өргөөд л шалан дээр тавьчихдаг. Би яаж ч чаддаггүй. Би нуугдаж тоглох дуртай. Энд тэнд нуугдаад “Намайг олоорой” гэсэн шиг харахад Ооёо эгч “Мочи хаана байна, би олохгүй байна” гэж хайх нь гоё. Манайд Хорлоо гэдэг эмээ ирсэн. Амьтанд дургүй гэнэ. Намайг таягаараа айлгаж байна лээ. Болгоомжтой байхгүй бол таягдуулж мэдмээр.
Цоогий ах угаалгын машинаар хувцас угаахыг би харах дуртай. Дотор нь орж үзмээр. Ахад хэлбэл зөвшөөрнө дөө. Гэхдээ оруулаад мартчихвал аймаар. Ооёо эгч өрөөнийхөө цэцгүүдийг янзалж байснаа надад шарлаж, үхсэн хэдэн навч өгөв. Үхсэн цэцгээр тоглохгүй ээ. Энэ хогоо эгч өөрөө цэвэрлэх биз. Ялаа. Миний хамгийн дуртай тоглоом. Даанч цонхны цаана юм. Хэрэв наана нь байсан бол хоп гэж барьж аваад, идэх байсан. Ялаа барихаар үсрэх гоё. Агаарт хэсэг зуур тогтож байгаа юм шиг санагддаг гээч. Хөдлөх бүрд хачин хар юм дагаад байдаг нь сүүдэр гэнэ.
ХАМГИЙН ХӨӨРХӨН НЬ
Манай гэрийнхэн намайг энэ дэлхийн хамгийн хөөрхөн, царайлаг, ухаантай, муужгай гэдэг. Их бие минь анх бүхэлдээ саарал харагддаг байсан бол одоо нуруу, хөл, зоогоор судал тодроод улам гоё зүстэй болж буй. Мал, амьтны эмнэлгийн эмч Сибирийн эрээн гэдэг үүлдэр байж магадгүй гэсэн. Харин амьтны дэлгүүрийн ах “Эрлийз муур” гэж хэлсэн. Эцэг, эх минь ямар муурууд вэ, хаана амьдардаг юм бол.
Гэхдээ зүгээр ээ. Манайхан надад хайртай, гэр бүлийнхээ хүндтэй гишүүн болохоор би азтай. Намайг байнга эмчид үзүүлж, зөвлөгөө авдаг. Бас янз бүрийн тоглоом авч өгдөг. Амттай хоол идүүлж, тухтай оронд унтуулдаг. Би Дулам эмээгийн гарыг хазахдаа хэтрүүлээд байдаг. Настай хүний арьс нимгэн, сул байдаг гэсэн. Аль болох аяархан хазахыг хичээдэг ч нэг мэдэхэд чангалчихсан байх юм. Энэ дутагдлаа засна аа.
ДӨДӨГИЙНД
Дөдө эгч аяллаас ирсэн тул буцаад тэднийд очлоо. Ооёо эгчийн хамар битүүрч, хоолой нь загатнадаг болсон. Миний жорлонгийн элсний тоосонцроос болж байна гэсэн. Би буруутай юм шиг санагдах. Муур болгон бааж, шээгээд элсээр булдаг. Байгалиасаа тийм юм чинь. Тэгэхээр би буруутай юу. Дөдө бас ном бичиж байгаа. Өдөржин компьютер шагайдаг. Бас л надтай тоглох завгүй. Нэг өдөр эгч, ээжтэйгээ утсаар ярихдаа “Би ойрд их завгүй шүү. Тэгэхээр Мочийг сайтар анхаарч чадахгүй байна. Муужгай маань унжийсан юм харагдах боллоо. Ганцаардаад өвдчих вий дээ, ерөөсөө танайх руу буцаая” гэсэн л дээ.
ХҮСЭЛ, БОДОЛ
Цоогий ахынд байна. Хөргөгч дээр гарч үзэх юм сан. Намайг өргөөд дээр нь тавиад өгөөч дээ. Шинэ тоглоом авхуулмаар. Зайгаар ажилладаг хулгана удаан хөдөлгөөнтэй, сонирхолгүй. Бас дандаа цаасан бөмбөг хөөж гүймээргүй байх юм. Жинхэнэ бөмбөгтэй болъё.
Надад вакцин хийлгэв. Бие хачин байна. Ээжийгээ санаад, мөөмөө хөхмөөр байна. Дулам эмээ намайг их сайн ойлгож, өдөржин тэвэрлээ. Баярлалаа, эмээ. Цоогий ах бас зөндөө тэвэрсэн. Бие нь дулаахан, гар нь зөөлөн.
ТҮГШҮҮР
Ооёо эгчийн хоёр хөл нь харахын аргагүй улайж, арьс нь дарайсан. Маш их загатнадаг. Эмчлүүлж байгаа ч сайжирдаггүй. Гэрийнхэн ярилцаад эмчийн зөвлөсний дагуу намайг өөр айлд өгөхөөр болжээ. Ооёо эгч уйлж байна. “Мочигоо яаж айлд өгнө өө. Хоёр сарын хугацаанд хамт байхад ингэтлээ дасаж, хайрлана гэж бодсонгүй” гээд уйлаад. Нэг л юманд гомдолтой санагдаад. Хүмүүс харшилтай, эсэхээ шинжлүүлж байж, амьтан тэжээх шийдвэр гаргаж болдоггүй юм уу. Би өөр айлд очихоороо Маадаа, Дөдө, Дулам эмээ, Цогоо ах, Ооёо эгч нараа санана даа. Би ч бас уйлж байна. Нулимс минь ил харагдахгүй ч дотроо бол эхэр татан уйлж байгаа.
ӨӨР АЙЛД БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ
Намайг гурван настай хөөрхөн охинтой залуу хос үрчилж авахаар болсон гэнэ. Ямар айл, хаана байдаг юм бол. Би цонхон дээр сууж гадагш харах дуртай. Заримдаа цонх онгорхой байхад сэмхэн ирээд суудаг юм. Тэгэхэд Ооёо эгч аль хэдийн мэдчихсэн, намайг унахаас хамгаалаад зогсож байдаг сан. Цэвэр агаар амьсгалуулах гэж тэр л дээ.
Шинэ эзнийдээ ичиж, зоволгүй хүссэнээрээ байж чадах уу. Хэрвээ үгүй бол яах вэ. Би хүний хэл мэдэхгүй, утсаар ярьж чадахгүй. Маадаа, Дөдө, Дулам эмээ, Цогоо ах, Ооёо эгчийгээ дуудах боломжгүй. За за, дэмий юм бодохоо больё. Адилхан л айл. Сайхан сэтгэлтэй хүмүүс, амьтанд хайртай гэр бүл биз ээ.
Гэхдээ би ганцхан удаа хүний хэлээр яримаар байна. “Шинэ эзэд минь харшлын сорил тавиулсан уу. Хэрэв хэн нэг нь харшилтай бол намайг битгий аваарай. Удахгүй тэр хүн өвдөөд, дахиад л намайг үрчилж авах айл хайх болно. Муужгай хүнээс хүн, айлаас айл дамжиж явах нь юу нь сайн байх билээ.
Элдэв юм сонсогддог. Хүмүүс хүүхдээ тоглуулах гэж муужгай авдаг. Том болохоор нь хөдөө явуулдаг, хотод төөрүүлдэг гэсэн. Хаягдсан муурууд хүйтэнд даарч, халуунд халж, өлсөж цанган, айж зугтдаг. Би тэр бүхнийг мэдэхгүй. Яагаад гэхээр намайг хаана ч байсан хүмүүс бүгд хайрладаг болохоор тэр. Би хүмүүст хайртай.