- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна -
Манай улсад өдөрт дунджаар дөрвөн хурал болж байна. УИХ, Засгийн газар болон төрийн бусад байгууллагын хурлуудыг энд оруулаагүй. Харин энд тэндээс олон хүнийг зориудаар цуглуулан, заал танхимаа гялтайтал нь гоёж, элдэв зурагт хуудас, самбар, анонс өлгөн, урилга заллага хэвлэж, дэвтэр, үзэг, цүнх тараан, тэр хэрээр их мөнгө зарсан, албаны хувцастай дарга нараас бүрдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форум, конференц зэрэг гоё нэртэй хурлуудыг тооцоход л ийм тоо гарч байгаа юм. Уг нь хуралдаж, хэлэлцэхийнхээ хэрээр бид санал, бодлоо уралдуулан шийдэл гарган хөгждөг сөн бол Монгол Улс дэлхийгээс хол тасарчихаар хугацаа өнгөрсөн. Гэвч хурал олширч, “тансаглал” болсон ч улсын хөгжил урагшилсангүй.
“Манай улсад хурлын панелист, модератор гэдэг шинэ мэргэжил бий боллоо. Уг нь хуралдаад хөгжвөл хөгжихөөр болсон. Гэвч хэлэлцэн, ярилцаж, зовлон бэрхшээлээ тоочоод хэдэн жил болсныг мэдэхгүй. Одоо хурлаа больё. Бүгдээрээ бодитой үр дүн гаргая” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал саяхан ярьжээ. Хоржоонтой нь, тэрбээр нэгэн хурлын үеэр ингэж хэлсэн байна. Өөрөө ч бас нэг шийдэлгүй хурал хийгээд, яриад л байсан гэсэн үг. Үнэндээ сайд, дарга нар нь хурлын урилгуудад дарагдаад, залхсандаа энэ үгийг хэлж байна уу гэвэл итгэмгүй. Дарга нар ингэж ярьдаг ч бодит байдал нь тэдний “попрол”-оос тэс өөр.
“Сард 100 хурал хийдэг завтай, мөнгөтэй улс уу” гарчигтай нийтлэлийг манай сонин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд гаргаж байв. Тэгвэл яг жилийн дараа нөхцөл байдлыг эргэн харахад, юу ч өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, өнгөрсөн сард улсын хэмжээнд хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, чуулган, семинар гээд янз бүрийн тодотголтой, олон нийтийг цуглуулсан 116 арга хэмжээ болжээ. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сарынхаас 13-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дундажлан тооцоход, бид өнгөрсөн жил өдөрт гурван хурлын “ард гарч” байж. Тэгвэл энэ удаад уг тоо дөрөв болж нэмэгдээд, бараг тав руу дөхөж “явна”.
Өнгөрсөн сар 30 хоногтой байлаа. Үүнээс ердөө дөрвөн өдөр нь л буюу 2, 10, 23, 24-нд хэлэлцүүлэг, зөвлөгөөн гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ болсонгүй. Амралтын өдөр таарсан учраас тэр. Харин ажлын өдрүүдэд бол зайлшгүй ямар нэгэн хурал хаа нэгтээ болдог жишиг хэдийн тогтжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд хамгийн олон буюу есөн хурал зохион байгуулсан нь нэг өдрийн дээд амжилт байлаа. Тэгвэл энэ жилийн хувьд дээд амжилт нь 10 болж нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд улсын хэмжээнд ийм тооны хурал зохион байгуулсан байна.
Нөгөөтээгүүр, хурал, зөвлөгөөний индэр, лед дэлгэц, өнгө, гэрэл, тайз засал, дарга нарын эшлэл, хувцаслалт нь төгсөрч, бидэнд гүйцэгдэхээргүй болсоор байна. Бас “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь”, “Үндсэн хуульт ёс-Өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Кибер тусгаар тогтнол” гэх мэтээр хурлуудын нэр ч төгс төгөлдөр лүү ойртсоор байгаа. Бүгдээрээ л аз жаргалтай амьдраад, хөгжлийн туйлд хүрчхээд, маш их завтай болчихсон юм шиг. Хуралд оролцогчид нь ч сайн сайхан зүйл хийж бүтээгээд байгаа мэт нийгмийн сүлжээгээр зураг, рийл тараан гайхуулцгаах аж.
Бас өнгөрсөн сард болсон хурлуудын талаас илүү хувьд нь 100-гаас олон хүн цуглуулсан байна. Төрийн ордонд арваннэгдүгээр сарын 25-нд “Үндсэн хуульт ёс-Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бас маргааш нь зохион байгуулсан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2024”-т нийт 1000 орчим хүн оролцуулсан нь дээд үзүүлэлт болжээ. Ингэхдээ зүгээр ч нэг хуралдахгүй, оролцогчдын замын зардал, буудлын төлбөр, хоол хүнс, хурал зохион байгуулах танхимын түрээс, улмаар гарын бэлэг тараах гэх мэтээр маш их мөнгийг үр дүнгүй урсгаад байна.
Ирэх оны улсын төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд, мөн бараа, ажил, үйлчилгээний зардалд 960 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв. Хамгийн ноцтой нь, энэ мөнгөөр ямар ажил, үйлчилгээ хийх нь тодорхойгүй, нарийвчилсан задаргаа огт тусгаагүй талаар УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байсан билээ. Яг ийм байдлаар төсөвлөсөн мөнгийг төрийн байгууллагууд хурал, цуглаан нэрээр салхинд хийсгэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнө нь хэлж байв. Тэрбээр “Би оны эхнээс Төрийн ордны их танхимд болсон хурал, цуглааныг тоолсон ч тавдугаар сарын сүүлчээс 128 хүргээд тоогоо алдсан. Жишээ нь, “UG arena”-д гуравхан арга хэмжээ зохион байгуулахад тэрбум орчим төгрөг шилжүүлж байсан. Энэ жилжин сургалт семинар болж, хэдэн их наяд, тэрбум төгрөг зарцууллаа. Томилолт, байр ашиглалт, хангамж, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаа ерөөсөө бууруулаагүй. Гэтэл ирэх онд бүр ч өсгөх нь. Улам олон семинар хийнэ гэсэн үг шүү дээ. Семинар хийгээд Монгол Улсаа хөгжүүлсэн нь хаана байна” гэж байв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан “Шангри-Ла” зочид буудалд өнгөрсөн сарын 25-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ. Ойролцоогоор 800 хүн оролцуулсан гэх тус арга хэмжээг “Шангри-Ла”-д хийхэд 500 гаруй сая төгрөг зарцуулсан байх магадлалтай гэж иргэд шүүмжилсэн. Харамсалтай нь, үүний зардлыг Д.Амарбаясгалан татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн нь ойлгомжтой. Хурал, цуглаан тансаг зэрэглэлд шилжсэнийг батлах үйл явдал зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Ард түмэн ядуу, хоногийн хоолоо аргацааж байхад дарга нар юунд ч санаа зовохгүй, татварын мөнгийг баруун, солгойгүй цацаж байна.
Спортын салбарынхан ганц өдөр эрдэм шинжилгээний хурал хийхэд 107 сая төгрөг зарцууллаа гэх шүүмжлэл өнгөрсөн наймдугаар сард гарч байв. Гэхдээ энэ бол багавтар хэмжээний хурлын өртөг аж. Харин дундаж буюу 100 гаруй хүнийг оролцуулсан нь 200-300 сая төгрөгийн зардалтай гэнэ. Олон улсын түвшний гэсэн тодотголтой хурлууд бол саяар хэмжигдэхгүй, багадаа тэрбум төгрөгийн зардалтай юм байна. Төрийн ихэнх байгууллага 10 гаруй давхар, ордон шиг том барилгатай. Тэр том барилгад нь хэдэн зуун хүний суудалтай хурлын танхим байхгүй гэвэл худлаа. Тэгсэн атлаа сүүлийн жилүүдэд томоохон зочид буудлуудад хурлаа хийж “аархдаг” болсон. Жишээ нь, өнгөрсөн сард болсон 23 хурлыг зочид буудлуудад зохион байгуулжээ. Тэдгээрээс сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Новотел”-д хамгийн олон буюу долоо нь болжээ. Түүнчлэн “Шангри-Ла”, “Blue sky”, “Туушин” зэрэгт ч хурал хийсэн байна. Энэ онд зөвхөн “Новотел” зочид буудалд төсвөөс бараг тэрбум орчим төгрөг шилжүүлээд буй талаарх шүүмжлэл сар гаруйхны өмнө олон нийтийн сүлжээнд гарсан. Гэвч аль ч дарга нь үүнийг үгүйсгэсэн тайлбар хэлсэнгүй. Ийм маягаар татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрээд буйгаа албаныхан ер тайлагнаж, танилцуулдаггүй.
Хурал, чуулган, семинаруудын гол “толгойлогч” нь төрийн байгууллагууд л байдаг. Учир нь өнгөрсөн сард болсон бүх хуралд төрийн аль нэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Түүнчлэн зохион байгуулагч талаас нь харахад ч дийлэнх буюу бараг 90 хувийг нь төрийн байгууллагууд санаачилсан аж. Үүнээс гадна хурлууд өмнө нь ихэвчлэн нийслэлд болдог байснаа орон нутаг руу ч тархаж, хүрээгээ тэлснийг энэ оны жишээнээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон хурлуудын 10 орчим хувийг л орон нутагт зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ онд уг үзүүлэлт 26 хувь болж нэмэгдсэн байна. Жишээ нь, нийслэлд 86, аймаг, сумуудад 30 хурал өнгөрсөн сард хийжээ.
Дарга нарын хуралдах “дон” цаашид дотоодоосоо халиад, дэлхийд “гарах” шинжтэй. Ялангуяа сайд, дарга нар гадаадад ажиллахдаа ямар нэг хурлыг нь эх орондоо хийе хэмээн амлачхаад ирдэг жишиг тогтох нь. Тэдгээр нь төсөвт маш их дарамт болж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ирэх оны төсвийг УИХ хэлэлцэх үеэр дурдаж байлаа. “Энэ жил манай салбарын төсөв нэлээд хасагдлаа. Гол шалтгаан нь та сайд байхдаа НҮБ-ын цөлжилтийн конвенцын хурлыг Монголд хийнэ гээд амлачихсан. Үүнээс шалтгаалж төсөвт маш том ачаа ирж байна. Зардал нь бараг 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэх байх. Нэгэнт л та очоод тохирчихсон болохоор энэ хурлыг хийхээс өөр аргагүй. Тиймээс НҮБ-ын хурлыг яаж ийгээд зохион байгуул гээд манай салбарын бусад төсвийг хассан юм. Хурлын бэлтгэлд зориулж энэ жил 50 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэж С.Одонтуяа салбарын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэд хэлж байв. Харин Б.Бат-Эрдэнэ “Их буруу ярьж байна. Олон улсын конвенцын хурлыг Монгол Улс хийх нь олон ач холбогдолтой” гэж байлаа.
Гэвч хурал, зөвлөгөөн хийснээрээ олон хүн цуглуулж хооллож, “унтуулдаг”-аас өөр үр дүн гаргадаггүй. Эцэст нь бэлгэдлийн чанартай уриа лоозон л үлддэг. Харин юу ч хэлэлцсэн, монголчууд утаатайгаа, түгжрэлтэйгээ хэвээрээ үлддэгийг бид өчнөөн жил харлаа.
М.ОЧ