Хүүхэд тань сургуульдаа аюулгүй очиж чадах уу. Энэхүү асуултад итгэл төгс “Тийм ээ” хэмээн хариулах хүн ховор байх. Явган хүний гарцгүй, авто болон явган хүний замыг тусгаарлах хашлагагүй, шинээр барьж буй барилгуудын ойролцоо аюулгүйн саравч хийгээгүй зэргээр сургуулиудын ойр орчмыг аюултай болгодог олон хүчин зүйлийг дурдаж болно. Энэ мэт зөрчил хотын төвийн бүсэд харьцангуй бага. Харин эрх мэдэлтнүүдийн тэр бүр анхаараад байдаггүй гэр хорооллын бүс дэх сургуулиудад нөхцөл байдал эсрэгээрээ. Тэдгээрийн төлөөлөл болгож нийслэлийн 79, 92 дугаар сургуулийн ойр орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж буй, эсэхийг сурвалжиллаа.
Баянзүрх бол нийслэлийн хамгийн олон оршин суугчтай хоёр дүүргийн нэг. Тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд ч олонтой. Мөн газар нутгийнх нь ихэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг. Нийслэлийн 79 дүгээр сургууль нь гэр хорооллын бүсэд байрладаг бөгөөд ойр орчимд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарсан тохиолдол ч бий. Тодруулбал, тус сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, хүүхэд дарагдан амиа алдсан харамсалтай тохиолдол 2018 онд зургаадугаар сарын 18-нд гарч байв. Осол гарсны маргааш буюу зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж байсан билээ. “Тус ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ” гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэлийн хуудсанд гарсан нь өдгөө тэр үйл явдлын гэрч болон үлджээ. Түүний дагуу орчны аюулгүй байдлыг хангасан уу гэдэг нь анхаарал татна.
“Хүүхдүүд энд байнга шахам халтирч унадаг юм”
Сургууль руу очихын тулд гэр хорооллын дундуур хэд хэдэн гудамж сүлжин байж хүрнэ. Цас орсон тул гулгаа ихтэй. Тус сургуулийн сурагч “Сургууль руу явах замдаа олон удаа халтирч унасан. Өчигдөр найз маань тэр хашааны буланд тогтсон мөсөн дээр гулгаад уначихсан шүү дээ. Би түүн шиг тийм хүчтэй унаж байгаагүй” хэмээв. Найз нь халтирч унаснаас болж алхахаар хөл нь хөндүүрлэж өвдөх болжээ. Тиймээс найзыгаа түшин харьж яваа аж. “Энд ингээд л уначихсан. Хүүхдүүд энд байнга шахам халтирч унадаг юм даа. Баяртай” гэж хэлээд тав алхаж амжилгүй л хоёулаа гулгаад уначхав.
Шар хадны эцсийн гэр хорооллын ихэнх айл өрх төвийн шугамд холбогдоогүй. Тиймээс иргэд угаадсаа гудамжинд цацчихдаг нь замыг мөстүүлжээ. Өнөөх нь цастай холилдож, хүүхдүүд бүү хэл, том хүн ч явахад бэрх болсон байлаа. Өвлийн улирал дөнгөж эхэлж байхад гудамж бүр нь мөсөн замтай болжээ. Хөлдсөн, хуримтлагдсан угаадас цаашид өдөр бүр ихсэх нь тодорхой. Тэр хэрээр хүүхдүүд халтирч гэмтэх эрсдэл ч нэмэгдэнэ.
Ойролцоох гудамжны дундуур автомашин явах боломжгүй. Харин урдаас нь буюу “Да хүрээ” авто худалдааны төвөөс автомашинтай ирж болно. Гэвч авто зам нь хэтэрхий нарийхан, хоёр машин зөрөх ч боломжгүй. Сургуулийн эргэн тойронд хашаа гэхээр зүйл ч алга. Сургуулиасаа гараад 100 метр хүрэхтэй, үгүйтэй яваад л авто замтай тулна. Замынх нь эсрэг талд хүнсний жижиг дэлгүүрүүд бий. Уг нь сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг холбогдох албаныхан баталсан байдаг. Түүнд зааснаар бол бүх төрлийн хийжүүлсэн, энергийн, спортын ундаа, байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундааг сургуулийн орчинд борлуулах хориотой. Бас эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу, чипс, попкорн, чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон зарж болохгүй. Харин дээрх сургуулийн эргэн тойрон дахь дэлгүүрүүдэд хориглосон хүнс бүгд байв. Зөвхөн энэ сургууль ч бус, бусдад нь ч нөхцөл байдал төдийлөн ялгаагүй.
“Шороон замтай болохоор хурд сааруулагч тавих боломжгүй”
Хурд сааруулагчгүй, явган хүний гарц гэх 1-2 самбар л тэнд бий. Сургуулийн баруун талд спортын талбай байдаг. Тэнд хүүхэд эрсдэлд өртөхөөргүй орчин нөхцөл бүрдүүлэхэд ихэд анхаарч ажилласан гэнэ. Сурагчид хөл бөмбөг тоглох гээд цасан дээр хүрмээ тайлаад шидчихэж. Уралдан гүйх тэдэнд хүйтэн жавар ч хамаагүй бололтой. Сургуультай залгаад гэр хорооллын айлууд хаяа нийлжээ. Хашааны үүдэнд нь ноход нарлан хэвтэнэ. Зарим нохой хашааныхаа гадна, нэг хэсэг нь дотор талд нь эргэцэх аж. Хүн дөхвөл дороо эргэцэн хуцаж эхэлнэ. Айлуудтай хаяа нийлэн орших эл сургуулийн эргэн тойрны хашаануудын хаалга онгорхой.
Тус сургуулийн удирдлага “Энд газар нутгийн байрлалаас хамаараад хотгор гүдгэр ихтэй. Сургуулиас ядаж 200 метр орчимд чөлөөт талбай байх ёстой. Техникийн зах ойрхон болохоор хөдөлгөөн ч их. Шороон замтай болохоор хурд сааруулагч тавих боломжгүй. Бохирын цооног ихтэй учраас эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургуулийн барилга төвийн бохирын системд холбогдсон. Оршин суугчид гудамж, талбайд хогоо ил задгай хаях нь түгээмэл. Гэрэлтүүлэг хангалттай биш” гэсэн юм.
“Хүүхдүүд автомашинд шүргүүлэх тохиолдол элбэг”
Нийслэлийн 92 дугаар сургууль өмнөхөөс ч хэцүүхэн нөхцөл байдалтай. Эл сургууль нь Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрладаг. Суралцагчид 2022 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнхөд хандан стандартын шаардлага хангасан явган хүний зам, гэрэлтүүлэг тавьж өгөхийг хүсжээ. Учир нь хүүхдүүд сургуулийн хойд хэсэгт автомашинд шүргүүлэх тохиолдол элбэг гэнэ. 92 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Бямбажав “Нийт 2700 суралцагчтай. Нэг ээлждээ 1300 гаруй хүүхэд хичээллэдэг. Сургуулийн орчимд өдөрт 15 эцэг, эхийг “School police”-оор ажиллуулдаг. Оройн хичээл 18.45 цагт дуусаж, “Гараас гарт дамжуулах” хөтөлбөрийн дагуу сурагчдыг эцэг, эх нь ирж авдаг” гэлээ.
Ихэнх сурагч нь “Хилчин”, “Баганат”, “Харуул Алтай” хотхон, Эрдэнэтолгойн гүний худаг орчимд оршин суугч. Эрдэнэтолгойн гүний худаг орчмоос сургууль руу ирэх зам маш хүнд. Гэрэлтүүлэг хангалтгүй, явган хүний гарц, гэрлэн дохио ч үгүй. Ийм байтал автомашинууд хоорондоо нэг метрийн зайгүй шахам багшралдахыг яана. Махийж тахийгаад замын хажууд хэвтэх хугарсан төмөр харагдах нь гэрлэн дохио байсан бололтой. Замыг сайтар ажиглавал бүдэг хэдэн зураас харагдах нь явган хүний гарцын тэмдэглэгээ аж. Баянзүрх дүүргийн нэгдсэн амбулаторийг сургуулийн хажууд барьж байгаа тул хатуу хучилттай авто зам тавьжээ. Энэ нь 200 метр л үргэлжилнэ. Уг амбулаторийн үйл ажиллагааг эхлүүлэхээр тухайн хэсэгт хүний хөдөлгөөн улам ихсэж, тэр хэрээр хүүхдүүд эрсдэлд өртөнө гэж багш нар хэлж байлаа.
Хуучин бордюруудыг овоолоод орхижээ
“Өнгөрсөн хавар нэг хүүхэд MТ шатахуун түгээх станцын орчимд автомашинд мөргүүлсэн. Тухайн хэсэгт буюу Эрдэнэтолгойн автобусны буудал орчимд гэрэлтүүлэг, явган хүний гарц ч байхгүй. 12.00-13.00 цагт хөдөлгөөний ачаалал их. Одоо цас орчихсон болохоор автомашин хий эргээд хүүхдүүдийг гэмтээчих гээд байна. “Баганат” хотхоны хүүхдүүд байрнаасаа гараад сургууль руугаа чигээрээ гүйчихдэг. Бордюр солихдоо хуучныг нь овоолоод тавьчихсан” гэж нийгмийн ажилтан нь хэлэв.
Бордюрын маргаан эл хэсгийг ч тойроогүй бололтой. Оршин суугчид “Энэ урдхан хэсэгт явган хүний гарц байсан юм. Энд удаан амьдарсан хүүхдүүд тэнд гарц байсныг мэднэ. Түүгээрээ гарахаар жолооч нар “Хурдхан, гүйгээд гараач” гэж хүүхдүүдийг загнадаг. “Гарцаар гарч байна шүү дээ” гэхээр “Ийм гарц гэж юу байдаг юм” гэдэг юм. Энэ зун авто замыг шинэчилж байгаа гээд хурд сааруулагчийг нь авчихсан” гэв.
“Мөн эзэнгүй нохой олон. Зарим нь хүүхдүүд рүү дайрч гэмтээнэ. Энэ талаар хорооныхонд хэлэхээр “Наад золбин нохойгоо бүртгэлжүүл” гэх хариулт өгнө. Сургуулийн зүүн талд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хуучин байр бий. Тэр бол архичдын цугладаг цэг. Тэд дулааны улиралд тэнд бараг л амьдардаг. Гэтэл хүүхдүүд тийшээ тоглох гээд орчихдог” гэсэн иргэн ч байв. Уг байр нь хог хаягдлаар дүүрэн аж. Ийм байтал даавуу дэвсээд ор засчихжээ. Ойролцоо нь хэд хэдэн архины шил харагдана. Орохоос ч айдас хүрэм энэ байрыг нураалгах саналаа сургуулийнхан холбогдох байгууллагуудад өгсөн аж. Гэвч үр дүн гараагүй гэнэ. Архичид тэнд цэнгэж, ойролцоох айлууд нь хогоо хаясан хэвээрээ.
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны Засаг дарга Б.Тулга “68, 92 дугаар сургуулийн нөхцөл байдал хүнд байсан. Тиймээс эргэн тойронд нь явган хүний зам шинээр тавьсан. Мөн хатуу хучилттай авто замын ажил ч эхлээд байгаа. Цаашдаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж ажиллана. 92 дугаар сургуулийн хойд талд барьж буй барилгынхнаас шаардаж байж саравч бариулсан. Сургууль руу хандсан ажлыг бага багаар хийгээд л байна. Тэнд сургууль орчмын бүс гэсэн хоёр тэмдэг бий. Эдгээр нь гэр хорооллын бүсэд буй бусад сургуульд ч түгээмэл тохиолдож буй асуудал. Уг нь нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний гарцыг намар, хавар гээд жилдээ хоёр удаа шинэчилдэг” гэсэн юм.
Өмнө нь нийслэлийн 16 дугаар сургууль орчмын бүс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгааг бид сурвалжилсан. Тус сургууль Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг. Хотын төвтэйгөө ойр. Гэсэн ч нөхцөл байдал хүндхэн. Энэ удаагийн онцолсон хоёр сургуулийн хувьд ч төдийлөн ялгаагүй аж. Сургуулийн хашаан доторх тохижилтод анхаарсан нь сайн хэрэг. Харин одоо хүүхдүүдээ сургууль руугаа аюулгүй, айдасгүй явдаг болоход анхаарах ёстой санагдана.
А.Тэмүүлэн