“Нарны хүү, сарны охин” гэх компани байгуулж, “Амар амгалан” хэмээх хямд үнэтэй орон сууцын хотхон барьж байгаа гэж иргэдийг залилан мэхэлсэн хэргийн хохирогчид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын эсрэг зарга мэдүүлж, Шүүхийн сахилгын хороонд 2023 онд ханджээ. Хохирогчид гомдолдоо нэр дурдсан гурван шүүгчийг шийтгэх тогтоол батлахдаа битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хохирол барагдуулах боломжийг хаалаа. Шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нар тогтоолдоо хохирогчдын мөнгөөр, төслийн ажлын хүрээнд боссон зургаан давхар дутуу барилга болон барилгын талбайн газрын хаягийг дутуу оруулснаас залилагчдын ээж Ж.Дариймаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, хохирол барагдуулах дуудлага худалдаанд оруулах боломжгүй болгоод байна. Тиймээс нэр бүхий гурван шүүгчийн шийдвэрүүд хууль болон ёс зүйд нийцэж буй, эсэхийг хянан шалгаж арга хэмжээ авхуулахыг хүссэн аж.
Үүний дагуу Шүүхийн сахилгын хорооноос холбогдох хянан шалгах ажиллагааг явуулаад дээрх гурван шүүгчид нээлттэй сануулах шийтгэл оноосон байна. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нар давж заалдахад уг шийтгэлийг хэвээр нь үлдээж, шүүгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл шүүгч нар Улсын дээд шүүхэд хандсаныг уржигдар тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Шүүхийн сахилгын хорооны тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дээрх гурван шүүгчид оноосон сахилгын шийтгэлээс чөлөөллөө.
Ташрамд дурдахад, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Гүрсоронзын ээж Ж.Дариймаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Өмчлөлийн минь эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр дур мэдэн битүүмжилж, хураасан” хэмээн гомдол гаргасныг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.