Кувейтийн байгаль хамгаалах төвийг “Байгаль орчин, уур амьсгалын сан”-тай нэгтгэнэ Ж.СУВД Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Богдхан уулын Түргэний аманд 2007 онд барьж, ашиглалтад оруулсан “Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчин, уур амьсгалын сан”-тай нэгтгэхээр болжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар холбогдох албаныхны хамт тус төвийн үйл ажиллагаатай танилцаад, төрийн өмчит компаниудын реформын хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.
Эдгээр байгууллагыг нэгтгэснээр төрийн албаны давхардсан чиг үүргийг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх, төсөв хэмнэх ач холбогдолтойг дээрх албан тушаалтнууд дурдав. Мөн цаашдын үйл ажиллагааг нь иргэд, олон нийт болон хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчныг хамгаалах, судалгаа шинжилгээ хийхэд түлхүү чиглүүлэхээ мэдээллээ.