Эмнэлэг уг нь өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн эдгэрүүлдэг газар. Гэвч нөгөө талаас халдварын эх уурхай ч гэж хэлж болно. Амьсгалын замаар, цусаар гэхчлэн энд олон янзаар төрөл бүрийн өвчин тархах өндөр эрсдэлтэйг ДЭМБ хэдийн тогтоосон. Тэгвэл манай, ялангуяа улсын эмнэлгүүдийн дарга нар, эмч, ажилтнууд сүүлийн үед халдвар хамгааллын дэглэмээ сахин биелүүлээгүйгээс өөрсдөө өвдөх, цаашлаад үйлчлүүлэгчдийг аймшигтайгаар хохироох явдал гарсаар байгаа юм. Тухайлбал, хүүхдийн эмнэлэгт гэхэд л ханиад, томуутай нялхсыг гэдэсний халдвартай өвчтөнүүдтэй хамт нэг тасагт “хорьчихдог”. Үүнээс нь болоод хүүхдүүд ханиадаа эмчлүүлэх гэж бус, өөр олон өвчний халдвар аван, хүндрэх тохиолдол цөөнгүй.
Гэхдээ саяны дурдсан жишээ бол энгийн л үзэгдэл. Улсын II, III шатлалын эмнэлгүүдийн насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, оношилгоо, шинжилгээний өрөөнүүдэд үйлчлүүлэгчдэд юу тохиолддог гэж бодно. Хэвлийн ЭХО, шарлагын аппарат, нарийн мэргэжлийн шинжилгээний бусад багажаа ариутгаж, дараагийн хүнд үйлчлэх тухай ойлголт улсын эмнэлгийнхэнд бараг байхгүй. ЭХО-д “харуулсан” үйлчлүүлэгчдэд аппаратын гель, бодис арчих самбай, цаас өгөх нь битгий хэл, эмч нарт өөрсдөд нь ч ариутгалын бодис үгүй. Өмнөх үйлчлүүлэгчийн гэдэс, нурууг “илсэн” аппаратаа ариутгахгүйгээр өөр нэгний биед цэрвэхгүй л хүрнэ. Яр шарх, идээ буглаа “шарж ээсэн” багажаараа бусдыг үзэхдээ огтхон ч эмзэглэдэггүй.
Эрүүл мэндийн даатгалын сан он шувтрахтай зэрэгцэн дампуурч, үүний улмаас өнгөрсөн сараас эмнэлгүүдийн хангамж тасран, бээлий, амны хаалт, ариун дэвсгэр ч авч хүчрэхгүй болсон. Багажаа ариутгах нь бүү хэл, эмч, сувилагч нар мэс засал, хагалгаагаа улаан гараараа хийх нь холгүй байгаа аж. Нөхцөл байдал эцэстээ иймдээ тулж, эмнэлэг ариун бус, аюултай орчин болж хувирчээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний энэ мэт алдаа, хангамж, хэрэгслийн дутагдлаас болж манайд олон төрлийн халдвар бүртгэгддэг юм билээ. Үүнийг эмнэлгийн дотоод орчны халдвар хэмээдэг. Байнгын аюултай бүсэд ажилладаг эмч, ажилтнууд халдварт хамгийн түрүүнд өртдөг гэсэн судалгаа ч бий. Гэхдээ үйлчлүүлэгчдэд дээр хэлсэнчлэн бохир орчинд үйлчлэх, нэг удаагийн хэрэгсэл тогтмол ашигладаггүй, хүүхдүүдийн уян зүүг хугацаанд нь сольдоггүй, шаардлагатай оношилгоо, шинжилгээг тухай бүрд нь хийдэггүйгээс цөөнгүй асуудал гарч байв.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол, бодлогын алдаанаас үүдэлтэй нэгэн ноцтой хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа шүү дээ. Тодруулбал, ХДХВ/ДОХ-ын халдвартай нэгэн иргэн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсныг саяхан л олон нийт мэдэв. Гол асуудал нь түүнийг ийм өвчтэй гэдгийг нь эмнэлгийнхэн мэдэлгүйгээр хордлогын болон бөөр орлуулах эмчилгээ, улмаар задлан шинжилгээ хүртэл хийсэн байгаа юм. Өвчтөн өнгөрсөн сарын 5-нд тус эмнэлэгт хүргүүлэн, 10 орчим хоног хэвтэн эмчлүүлж байгаад ийнхүү эндсэн юм билээ.
Тухайн үед өвчтөнөөс цусны дэлгэрэнгүй шинжилгээ авсан ч бэлгийн замын халдвартай, эсэхийг нь нягтлаагүйгээс түүнийг бөөр орлуулах аппаратаар эмчилж, цус сэлбэсэн нь эмнэлгийн эмч, ажилтнууд, бусад үйлчлүүлэгчийг өндөр эрсдэлд оруулаад байна. Тодруулбал, бөөрний диализын аппаратаар үйлчлүүлсэн бусад өвчтөн, талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмч, ажилтнууд эдгэшгүй өвчний халдвар авсан байж болзошгүй аюултай нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Харамсалтай нь, Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд үүнийг эрс няцааж, үгүйсгэсээр буй. Эмнэлгийн дарга нь ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэнд үйлчилсэн эмч, ажилтнууд, бөөрний диализын аппаратад тэр үед “орсон” бусад хүнийг уг вирусийг илрүүлэх шинжилгээнд хамруулж, хянахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан гэж мэдээлсэн. Уг асуудлыг ЭМЯ, ХӨСҮТ зэрэг байгууллагынхан ч мэдээгүй бөгөөд тэд “ДОХ-ын халдвар тээгч нь ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй. Харин ийм өвчтэй гэдгээ эмч нарт заавал хэлэх үүрэгтэй” гэдгийг учирлаж буй.
Манай улс бэлгийн замын өвчнүүд, тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдварыг хэд хэдэн тохиолдолд “барьж авдаг”. Үүний нэг нь ямар нэгэн хагалгаа, эмчилгээ хийлгэх өвчтөнд эмнэлгүүд вирусний халдварыг илрүүлэх шинжилгээнүүд заавал хийх заалттай. Эрүүл мэндийн тухай хуульд ч ингэж заасан байдаг. Гэтэл Цэргийн төв эмнэлгийнхэн үүнийг зөрчин хариуцлага алдаж, олон хүнийг эрсдэлд оруулаад байна. Эмнэлгийн дарга нь хүртэл “ДОХ-ын халдвартай хүн манайд нас бараагүй” гэж мэлзсэн ч эцэст нь үнэнд гүйцэгдсэн юм.
Аюултай орчинд ийнхүү ажилласан, үйлчлүүлсэн олон хүний ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариунд ямар нэгэн өөрчлөлт одоогоор гарах боломжгүйг захын иргэн ч гадарлах атал эмнэлгийнхэн үүнийг үгүйсгэсээр буй нь хачирхалтай. Учир нь хүний дархлал хомсдолын вирусний халдвар авсан тохиолдолд багадаа гурав, түүнээс дээш сарын дараа өвчин илэрдгийг анагаах ухаанд хэдийн тогтоосон. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ний халдвар авсан ч оношлогдохгүй байх эл хугацааг “цонх үе” хэмээдэг. Энэ нь Цэргийн төв эмнэлгийнхэн эмч, үйлчлүүлэгчдийг халдвар аваагүй гэдгийг батлахад хэтэрхий эрт гэсэн үг. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсан асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулахад дүрэм журмын дагуу шаардлагатай эмчилгээг хийсэн гэж тайлбарласан. Хэрэв олон хүнийг эрсдэлд оруулсан байвал зохих арга хэмжээг авна” гэсэн тайлбар өгнө лээ. Үүнийг мэдэгдэл, тайлбар төдийнхнөөр аргалаад өнгөрөөх хэрэг биш. Олон хүний амийг авч ч мэдэх аюулт өвчний халдвар эмнэлэгт тархсан байж болзошгүй тухай асуудал тул ингээд тоохгүй орхиж хэрхэвч болохгүй.
Төрийн өмчийн эмнэлгүүдэд энэ мэт халдварын ноцтой тохиолдол өмнө нь ч цөөнгүй гарч байсан. Эртний жишээ дурдвал, нэг удаагийн зүү, хэрэгсэлгүй үед “тариурын шар” гэгддэг элэгний А, В, С вирусний өвчлөл хүн амын дунд хурдтай тархан, хор уршиг нь одоо ч бүрэн арилаагүй. Уг халдварын шалтгаантай элэгний хавдар, хатуурал манайд тэргүүлэх өвчин хэвээр. Тэгвэл “Ковид-19”-ийн үед эмнэлгийн дотоод халдварын улмаас цөөнгүй эмч, ажилтан, үйлчлүүлэгч эндэж байв. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой дотоод орчны халдваруудын дотор сүрьеэгийн өвлөл түгээмэл. Орон нутагт ч үүний улмаас жил бүр 10, 20-иор тогтохгүй хүн эмнэлгийн орчинд энэ төрлийн халдвар авдаг тухай судалгаа бий. Ерөнхийдөө эмнэлгийн дотоод зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой дэгдсэн бусад өвчний мэдээлэл нууц байдаг аж.
Манай улс халдварт өвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах, эмнэлгийн дотоод орчны аюулгүй байдлыг хангах бодлого баримталж, чамлахааргүй төсөл, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг. Гэсэн ч эмнэлгийн дотоод орчинд халдвар тархах эрсдэл өндөр, энэ нь салбарын тулгамдсан асуудал хэвээр байгааг олон улсын судлаач, мэргэжилтнүүд онцолсоор буй юм. Тухайлбал, одоо болтол эмнэлэгт амьсгалын замын болон цусаар дамжих халдвар гарсаар байгаа нь Монголд био аюулгүйн өндөр зэрэглэлийн лабораторийн чадамж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийн хүчин чадал сул байдагтай холбоотой аж. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний буруу зохион байгуулалт, алдаанаас үүдэлтэй халдварын дотор мэс заслын дараах шархны, олон эмд тэсвэртэй сүрьеэгийн нян зонхилдгийг ДЭМБ, НҮБ-ын судалгаанд дурджээ.
Эмнэлгийн дотоод орчинд эмч, ажилчдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан халдвар дамжих эрсдэл ийн нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ нь ихэвчлэн халдвар хамгааллын дэглэм зөрчих, эмч, ажилчдын хувцас, багаж хэрэгслээр өвчин дамждагтай холбоотой байна. Эмч, ажилтнуудын бохир гараар гэхэд л MRSA буюу хатиг буглаа үүсгэдэг өвчин дамждагийг олон улсад судалжээ. Мөн сүрьеэгээс бусад олон эмд тэсвэртэй, амьсгалын замын зарим халдвар эмнэлгийн орчинд түгээмэл тархдаг. ХЭҮК-ынхны хийсэн энэ чиглэлийн судалгаанд “Улсын зарим эмнэлэгт хувийн хамгаалах хэрэгслийн хангамж, нөөц хангалтгүй. Үүний зэрэгцээ эмч, ажилтнуудын энэ талаарх мэдлэг, ур чадвар дутмаг, сургалт, арга хэмжээнд тогтмол хамруулдаггүй нь дотоод орчны халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэжээ. Тиймээс эмнэлгүүдийн хамгаалалтын хувцасны хангамж, хэрэглээг сайжруулах, дотоод орчны халдварын тандалт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эмч, ажилтны ариутгал, халдваргүйжүүлэлтийн хувийн дэглэмийг сайтар мөрдүүлэх шаардлагатай аж.