“18 жил хандив цуглуулж, эко, сайн дурын ажил хийлээ. Сүүлийн үед төр ойн салбар луу орсноос хойш мод үржүүлгийн ажил монополжиж, дандаа наймаа, унац, шахаа ярьдаг болсон. Төр засаг өөрөө нийгмийн хорт хавдар болчихлоо. Тэд манай клубийн 10 жилийн төсвөөр нэг удаа зугаалж байна. Ийм хэмжээний мөнгөөр 12 000 хүүхэд, залуус хоёр сая гаруй мод тарьж ургуулан, усалж, арчилна...”
Монгол орныг ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Миний клуб” сайн дурын байгууллагыг үүсгэн байгуулж, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам ийнхүү халаглан өгүүлэв. Тэрбээр байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган хүүхэд, залуусыг нэгтгэн, Монгол Улсын 13 байршилд ойн зурвас байгуулж, хоёр сая од, бут амжилттай тарьж ургуулаад буй юм. Энэ бүхнийгээ клубээсээ зохион байгуулсан сайн дурын үйл ажиллагаа, олон нийтийн дэмжлэг, хандив, тусламжаар санхүүжүүлж, төрөөс сохор зоос ч авалгүй хийсэн аж.
“Миний клуб”-ийнхэн улсдаа 10 сая мод тарьж, ургуулах зорилготой бөгөөд өдгөө үүнийгээ 20 орчим хувьтай биелүүлээд байна. 18 жилийн хугацаанд хоёр сая мод тарихын тулд тэд багагүй бэрхшээлтэй нүүр тулж, ёстой л Тамирын голын мөсийг долоох шахам төсөв санхүүгээ бүрдүүлсээр өнөөдрийг хүрчээ. Ойжуулах, мод тарих ажил ямар хүнд хүчир, хэр хэмжээний сэтгэл зүтгэл, тууштай байдал шаарддагийг тус клубийнхэн хэн хүнээс илүү мэднэ. Ялангуяа төрийн дэмжлэг, оролцоогүй, бор зүрхээрээ ажилладаг хүмүүс илүү тойруу замаар явж, илүү их саад бэрхшээл туулдгийг тэд биеэрээ мэдэрч, ойлгосон. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нэрийн дор сүүлийн жилүүдэд “шоудаж”, ойн салбарыг самарч, үр ашиггүй, дэмий шахам ажлуудад татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй урсгаж буй сайд, дарга нарын үйлдэл тэдний игзаарыг ийн хүргэх болж. Төр засаг ойжуулах, мод тарих чиглэлээр ажилладаг иргэд, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжих бус, харин ч бүхнийг гардаж хийх дүр эсгээд, өөрсдийн оролцоотой наймаа, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж байгааг тус байгууллагын тэргүүн шүүмжлэв. Энэ бол манай төр том, жижиг гэлтгүй бүх салбарын бизнест толгой шургалж, гар дүрэх болсны нэгэн жишээ юм. Бодлого, шийдвэр гаргах түвшний байгууллагууд, албан тушаалтнууд яг л ийм байдлаар бизнесүүдийг, хувийн хэвшлүүдийг зах зээлээс шахаж, хийж бүтээх урам зоригийг нь мохоон, итгэл үнэмшлийг нь эвдсээр удлаа.
Үе үеийн Засгийн газар “Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулна” гэж яриад хэчнээн жил болов. Нидэр дээрээ энэ чиглэлээр бодитой хийсэн ажил, гаргасан ахиц дэвшил бараг үгүй. Эсрэгээрээ бизнесийн салбар дахь төрийн оролцоо жилээс жилд өргөжин тэлж, харин хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зах зээл, боломж нөхцөл улам “хавчигдан” хумигдсан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед энэ байдал улам даамжирсан гэвэл хилсэдсэн болохгүй. Төр стратегийн ач холбогдолтой болон нийтийн зориулалттай дэд бүтэц, үйлчилгээний тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр зохицуулах, хуульд тусгайлан заасан салбаруудад л компани байгуулж, зохих түвшинд хяналт, оролцоотой байх талаар энэ цаг үед лоозогнон ярьсаар буй ч бодит байдалд улс төрч, эрх мэдэлтнүүдийн гар, хөл хүрээгүй салбар, бизнес гэж үлдсэнгүй. Эцэс сүүлдээ цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрийн дор ойн салбарыг хүртэл төр хараа хяналт, мэдэлдээ авчихлаа.
Бизнесийн салбар дахь төрийн оролцоог тодотгох нэгэн баримт дурдъя. Одоогийн байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тайлан, мэдээллээ тогтмол ирүүлдэг 99 толгой компани манай улсад байна. Үүн дээр охин болон хараат компаниудыг нийлүүлбэл 122 болно. Орон нутгийн өмчит компаниуд тоогоо алдсан. 122 гэдэг бол манай улсын хүн ам, эдийн засгийн хөгжлийн түвшин, зах зээлийн багтаамжтай харьцуулахад асар өндөр тоо, хөгжингүй зарим орныхоос ч давсан үзүүлэлт гэдгийг олон улсын судлаачид дурдаж буй. Энэ нь Норвег, Швед, Сингапур зэрэг манайхаас олон сая хүн амтай, хөгжингүй улсынхаас ч 1.5-4 дахин оо юм. Төрийн өмчит компанийн амжилттай засаглалаараа олон улсад алдартай Сингапурт гэхэд “Temasik holding”-ээр дамжуулан хянадаг, төрийн өмчийн статустай 30 гаруй компани л бий гэнэ. Эндээс Монголын төр бизнестэй хэр их хутгалддагийг баримжаалж болно. Эдгээр компанийн ашиг орлого, алдагдал, өр төлбөр, төрөөс авдаг татаас зэргийг авч үзвэл мөн л базаахгүй үзүүлэлт гарна. Олон улсын валютын сангийнхан Монгол Улс дахь төрийн өмчит 99 компанийн 40 хувь нь өр төлбөр, хөрөнгийн харьцааны, 20 хувь нь хөрөнгийн өгөөжийн эрсдэлтэй гэж дүгнэсэн. Өнгөрсөн онд гэхэд эдгээрээс ердөө таван компани нь л төсөвт орлого төвлөрүүлж, ашигтай ажилласан юм билээ. Төр бизнесийн салбар дахь нөлөөлөл, орон зайгаа тэлсээр байгаа ч тэр хэрээр үр ашигтай ажиллуулж чадахгүй, алдагдал хүлээх болсон нь буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдгийн үлгэр гэлтэй.
Олон улсын жишгээс харахад улс орнууд эрчим хүч, байгалийн баялаг, тээвэр зэрэг стратегийн гол салбартаа л төрийн өмчит, цөөн тооны компани эзэмшдэг аж. Харин манай улсын хувьд эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайгаас эхлээд тээвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, банк, санхүү, барилга, ой гээд бүх л салбарт төрийн оролцоотой ажил, бизнес давамгайлах болов. Сүүлдээ нийслэл хот нь хүртэл бондоос санхүүжилт босгож, орон сууц барьж, худалдахаар болж айх шиг. Уг нь хотын дарга Х.Нямбаатар хэдхэн сарын өмнө “Хувийн хэвшил хийх боломжтой бизнес рүү төр орохгүй. Үүнийг хязгаарлаж, заагласан хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгоно” хэмээн олон улсын хурлын индрээс зарласан юм. Гэвч өдгөө тэрбээр “барилгачин” болохоор эргэлт буцалтгүй шийдчихэж. Төр цаашид ямар салбарт шинэ бизнес эхлүүлж, хэний боломжийг хулгайлахыг таашгүй. Бизнесийн салбарт төрийн оролцоо их байх нь ямар урхагтай вэ гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэднэ. Энэ тохиолдолд чөлөөт зах зээл хөгжих, хувийн хэвшил ашигтай ажиллах, өрсөлдөх чадамжтай байх боломж хумигддаг. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт удааширч, үр ашиг буурдаг. Цаашлаад удирдлага, засаглалын тогтолцоо ганхах, авлига, хулгай гаарах үндэс шалтгаан болдог гэж үздэг. Учир нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан, төртэй холбогдсон компаниудад улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрсдийн гар, хөл болсон хүмүүсээ “шургуулах”-аас эхлээд бараа, бүтээгдэхүүн шахах, сонгон шалгаруулалтад нь нөлөөлөх зэргээр үйл ажиллагаанд нь оролцож эхэлдэг. Тодруулбал, компани зах зээлийн зарчмаар шударга, ашигтай ажиллах нөхцөлийг нь хаадаг гэсэн үг. Эдийн засгийн гол салбарууд дахь төрийн оролцоо ихсэхийн хэрээр энэ төрлийн эрсдэл улам нэмэгддэг бичигдээгүй хуультай.
Төрийн өмчит компаниудаас авлига, албан тушаалын гэмт хэрэг салдаггүй нь, улс төрд нөлөө бүхий хүмүүс, эрх мэдэлтнүүд Засгийн газрын тусгай сангуудыг тонож, хоосолсны цаад шалтгаан нь ч тогтолцооны гажуудалтай холбоотой. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн гэх хэргүүд ч эцсийн дүндээ төр бизнесийн салбарт хэт их хутгалдсаны илрэл юм. Бизнесийн салбар дахь төрийн оролцоог тодорхойлох үзүүлэлт болдог Эдийн засгийн эрх чөлөөний (EFI), Бизнес эрхлэх таатай орчны (EDBI), Дэлхийн өрсөлдөх чадварын (GCI), Авлигын төсөөллийн индекс (CPI)-ийн тайланд Монгол Улсын төрийн бодлого, зохицуулалт, өмчлөлийн асуудлыг байнга онцлон тэмдэглэж, анхааруулсаар иржээ. Бизнесийн орчинд төрийн нөлөө, зохицуулалт хэт их, төрийн байгууллагын үр ашиг муу, авлига өндөр, бодлого тогтворгүй, урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд эрсдэлтэй гэсэн нийтлэг асуудлыг эдгээрт хөнджээ. Харин зөвлөмж, шийдлийн хувьд “Засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг хангах, төрийн өмчит компани нэмж байгуулахгүй байх” зэргийг нийтлэг байдлаар дэвшүүлсэн аж. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын шинжээч, судлаачид ч ийм байр суурь илэрхийлж байна. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Нэмж төрийн өмчит компани байгуулахгүй байх, төр аж ахуйн шинж чанартай аар саар ажилд оролцохдоо анхаарах цаг болсон. Эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг, төсвийн зарцуулалтыг үр ашиггүй болгодог гол шалтгааны нэг нь энэ. Сүүлийн жилүүдэд төрөөс маш олон жижиг төсөлд хөрөнгө оруулсан. Цөцгийн тос үйлдвэрлэх, сүүний ферм байгуулах ажлыг хүртэл эхлүүллээ. Төр аж ахуйн ажилд оролцохгүй гэдэг байр сууриндаа бат зогсох хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг эрүүлжинэ” гэснийг энд онцгойлон дурдъя. Төр өрсөлдөөнийг дэмжих, давамгай байдлыг хязгаарлах, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийг хамгаалах хууль тогтоомж батлах зэргээр зохицуулалт хийх үүрэгтэй болохоос тэдэнтэй өрсөлдөж, байр суурийг нь булаах ёсгүй.
Н.МИШЭЭЛ