Энэ өдөр Оросын нэрт командлагч, ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Георгий Константинович Жуковын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. ОХУ-д ЗХУ-ын маршал, Георгий Константинович Жуковын мэндэлсний 128 жилийн ойг энэ сарын 1-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр эрхэм нэрт цэргийн жанжны баатарлаг гавьяаг дурсан санаж байна.
Манай улсын хувьд Г.К.Жуковын мэндэлсний ойг тэмдэглэх ажлын хүрээнд нэрт цэргийн жанжны түүхэнд мөнхөрсөн баатарлаг гавьяаг нь иргэд олон нийт, ирээдүйн эх орны эзэд болсон хойч үеийнхэн, хүүхэд залуусын дунд эх орон, энх цагийн үнэ цэнийг өгүүлсэн эсээ бичлэг, гар зураг, илтгэл хэлэлцүүлэх зэрэг хэд, хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Ойг тэмдэглэх хүрээнд энэ өдөр Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жинжин штабын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бусад албаныхан, хүүхэд залуусын төлөөлөл Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
ОХУ-ын эрэлхэг дайчин Георгий Жуков бол Оросын Калуга мужийн уугуул. Тэрээр 1896 оны 12 сарын 1-нд Малоярославец дүүргийн Стрелковка тосгон, одоогийн Калуга мужийн Жуковский дүүрэгт тариачин Константин Жуковын гэр бүлд төржээ.
Түүхчдийн тэмдэглэснээр, Г.К.Жуков Аугаа эх орны дайны үед И.Сталины удирдлага дор “Гал сөнөөгч”, “Гэнэтийн довтлогч” байсан гэжээ. Түүнийг дайн тулаантай, хүнд хэцүү цагт хамгийн чухал бүс, эгзэгтэй газруудад илгээж, хамгийн том ажиллагааг удирдуулж байсныг түүхийн хуудаснаас тодоор харж болно. Тухайлбал, 1945 оны 5 дугаар сарын 8-нд нацист Герман бууж өгсөнийг Георгий Константинович Жуков хүлээн авч, 1945 оны 6 дугаар сарын 24-нд Москвад “Улаан талбай”-д Ялалтын ёслолын жагсаалыг Георгий Жуков зохион байгуулж байжээ.
Аугаа эх орны дайн дууссаны дараа Жуков Герман дахь Зөвлөлтийн армийн бүлэг, дараа нь хуурай газрын армийг командлаж байв. 1946 онд Одессагийн цэргийн тойрог, дараа нь Уралын цэргийн тойргийн командлагчаар томилогдсон байна. 1953 оноос Батлан хамгаалахын дэд сайд, 1955 оноос ЗХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. 1958 онд тэрээр огцорчээ. Георгий Константинович 1974 оны 6 дугаар сарын 18-нд нас барж, Москвагийн Улаан талбайд оршуулжээ.
Өнөөдөр түүний түүхэн гавьяаг дурсан Орос улсад олон мянган гудамж талбай, боловсролын байгууллагуудыг Георгий Константиновичийн нэрэмжит болгон нэрлэж, олон хотод түүний хөшөө дурсгалыг босгожээ.
П.В.Петрунин: Халхголын дайны ялалтын 85 жилийн түүхт ойг тохиолдуулан Г.К.Жуковын хөшөөг Чойбалсан хотноо босгосон
Ёслолын арга хэмжээнд оролцож буй ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунингийн сэтгэгдлийг сонслоо.
-Эрхэм анд нөхөд өө, өнөөдөр бид Монголын ард түмэн, хүүхэд залуусынхаа хамт ЗХУ-ын маршал БНМАУ-ын баатар Г.К.Жуковын мэндэлсний 128 жилийн ойг хамтдаа тэмдэглэн, хүндэтгэл үзүүлж цэцэг өргөж байна.
Энэ жил бид Халхголын дайны ялалтын 85 жилийн түүхт ойг тохиолдуулан Г.К.Жуковын хөшөөг Чойбалсан хотноо босгосон. Энэ хөшөө бол нэрт удирдагч, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын 121 дэх хөшөө болж сүндэрлэсэн чухал үйл явдал байлаа. Түрүүнд бид яриандаа ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар гэдгийг тодотгосон. Энэхүү хүндэт медалийнхаа хамгийн эхний баатар цол хэргэмийг Халхын голын дайны байлдаанд байгуулсан гавьяагаар авсан байдаг. Улаанбаатар хотноо, Баянзүрх дүүрэгт, бидний зүүн гар талд байрлах энэ намхан шар байшинд ЗХУ-ын маршал, Георгий Константинович Жуков өөрөө амьдарч байсан түүхтэй. Өнөөдөр энэ байшинд эрхэм баатрын маань гэр музей ажиллаж байдагт үргэлж талархаж байдаг. Өнөөдөр Орос Монголын найрамдлыг бататгасан эрхэм баатар Г.К.Жуковын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас энэхүү гэр музейд шинэ үзмэрүүдийг танилцуулж, мэдээлэл хийхээр бэлтгэсэнд баяртай байна” гэв.
Албаныхан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа түүний музейд саатаж, түүний хэрэглэж байсан түүхэн үзвэрүүд, баримт бичгүүдтэй танилцаж, Ерөнхий боловсролын сурагчдын дунд зарласан уралдаант бүтээлийн эздэд шагнал гардуулж, сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүслээ.