“Монгол төрийн мэргэн сайд” хэмээгддэг Агданбуугийн Амар агсны амьдралын түүхийг өгүүлэх тайзны анхны жүжгийг “Амар” сан болон Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр, Булганы Хөгжимт драмын театрынхан хамтран бүтээжээ. “Хөх төрийн бэрс” нэртэй, түүхэн драмын эл жүжгийг Бүгд найрамдах улс тунхагласан өдөр буюу энэ сарын 26-нд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт нээсэн байна. Жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичсэн бөгөөд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай найруулсан аж. Зөвлөхөөр “Амар” сангийн тэргүүн Ё.Отгонбаяр, Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Д.Цогт нар ажилласан байна.
А.Амар агсан Булган аймгийн Бугат сумын нутагт 1886 онд төржээ. Түүний төрсөн нутагт хожим нь Орхон аймгийг байгуулсан юм. Хоёр удаа буюу 1928-1930, 1936-1939 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа тэрбээр ямар үйл хэрэг бүтээснийг “Хөх төрийн бэрс” жүжигт үзүүлжээ. Ялангуяа Монгол Улсад мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, шинжлэх ухааны хүрээлэн байгуулах зэргийг нь тодотгож, боловсролыг ихэд дээдэлдэг түүхч, бичгийн хүн байсныг нь тодорхой гаргасан байна. Харамсалтай нь, 1939 онд түүнийг баривчилж, ЗХУ-д шоронд хоёр жил байцааж байгаад, 1941 оны долоодугаар сарын 10-нд Москва хотын орчимд цаазаар авсан гунигт түүхтэй. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр А.Амар агсныг 1962 онд цагаатгасан билээ. “Хөх төрийн бэрс” жүжгийг өнөөдөр, маргааш 19.00 цагт олон нийтэд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт толилуулах юм байна.