Засгийн газрын харьяа сангуудыг эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тонодог, танил талдаа давуу байдал олгодог явдал манайд тогтсон. Ийм нэг сангийн захирлаар ажиллаж байсан хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирал асан Д.Энхжаргалд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, ШУТС-гийн дүрэм зэргийг зөрчин орон тооны бус зөвлөлийг шинэчлэн баталж, 2017 оны долоодугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хүмүүст мөнгө олгож сандаа хохирол учруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, ШУТС-гийн орон тооны бус зөвлөл гэх бүтэц бий болгож Б.Амарсайхан, С.Будням, Б.Батбуян, П.Пүрэвдаавуу, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байгаад өдгөө эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан Г.Дугаржав нарыг томилж, цалин олгон эдийн засгийн давуу байдал бий болгож, төрд хохирол учруулсан. М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан томилж цалин олгож байсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, төрсөн дүү Дамдины Амгалан-Энхийг Дамирангийн Амгалан-Энх нэрээр 2016 оны арванхоёрдугаар сард ШУТС-гийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, цалин олгож, тус санд нийт 15 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган АТГ-т шалгасан билээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд хэлэлцээд ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасан, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Мөн ШУТС-д учирсан 15 сая гаруй төгрөгийн хохирлын 6.9 саяыг А.Мандахзулаас, гурван сая гаруйг Д.Амгалан-Энхээс, 1.1 саяыг Д.Энхжаргалаас, үлдсэн мөнгийг нь Б.Амарсайхан, С.Будням, Б.Батбуян, П.Пүрэвдаавуу, Г.Дугаржав нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг Д.Энхжаргал болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасны дагуу өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Уг нь энэ хэргийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Д.Энхжаргалд 13 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж байсан ч Дээд шүүхээс буцааснаар ийнхүү дахин шийдвэрлэсэн юм.