Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархлыг төлөвшүүлэн эв нэгдлийг бэхжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиолыг хөгжүүлэх ажил идэвхтэй өрнөж буй. Дээрх бодлогын хүрээнд Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа.
Эдгээр ажлын хүрээнд ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олон нийтийн хүртээл болгожээ. Эл орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн юм. Тэрбээр Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэлнээ хөрвүүлж буй аж. Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр зочдод танилцуулж, номын сангуудад байршуулав. Уг үйл явдал нь Монголын утга зохиолыг дэлхийн уншигчдад ойртуулж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болов.