Монголд боулингийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд залуус сонирхон хичээллэх болсон. Гэвч өмнө нь боулингийн төвүүд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байснаас хаагдсан тохиолдол цөөнгүй. Эл спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар спортын мастер Ш.Баатар, спортын дэд мастер С.Баярхүү, З.Батням нар сэтгэл нэгдэн ярилцаж, “B bowling” төв шинээр байгуулан нэрийнхээ эхний үсгээр нэрлэжээ. Хан-Уул дүүрэг дэх “Home plaza”-гийн B1 давхарт нээсэн, 200 хүн хүлээж авах хүчин чадалтай тус төвд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөөс гадна эл спортоор хичээллэж, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдсэн юм.
Олон улсын стандартад нийцсэн тосолгооны машин, 12 зам дээр бэлтгэл хийсэн мэргэжлийн тамирчдын тоглох ур чадвар ахиж, дундаж оноо 200-гаас хол давдаг болсон нь тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөн, амжилт гаргах хэмжээнд хүрсэн байна. Тус төвд 2024 оны боулингийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг өнгөрсөн сард зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. Тэгвэл ирэх амралтын өдрөөр боулингийн клубүүдийн АШТ болно.