Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын “Эцгийн тухай дурсамж” номын нээлт энэ сарын 27-нд Гадаад харилцааны яаманд боллоо. Уг номдоо К.Токаев аав Кемел Токаев болон ээж Турар Шабараева нарынхаа амьдралын түүхийг өгүүлжээ. Түүний аав нь нэрт зохиолч бөгөөд Казахын уран зохиолд адал явдалт детектив жанрын үндсийг тавьснаараа алдартай. Бодит адал явдлаас сэдэвлэн бичсэн түүний бүтээлүүд 1960-1980-аад оны үед Зөвлөлт орон даяар нэрд гарч байв.
“Эцгийн тухай дурсамж” нь сталинизмын үеийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулсан Токаевын гэр бүлийн эмгэнэлт үйл явдлаар төлөөлүүлж ХХ зууны эхэн үеийн казах ард түмний хувь заяаг тод томруунаар дүрсэлснээрээ онцлогтой юм байна. Монгол судлаач, орчуулагч Юрий Кручкин уг номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Номын редактораар Ардын уран зохиолч Т.Султан ажилласан гэнэ. Энэхүү номыг одоогоор англи, хятад, чех, франц, турк, орос хэлээр орчуулан хэвлээд буй аж.
Кемел Токаев 1945 онд Казах улсын их сургуулийн Филологийн факультетийн оюутан болсноор уран бүтээлчийн замналаа эхэлжээ. Казахстаны пионеруудад зориулан туурвисан анхны бүтээлээ тухайн ондоо хэвлүүлсэн гэнэ. Үүнээс гурван жилийн дараа дотоодын цагдаагийн байгууллагын ажилчдын хүнд хэцүү, аюултай албаны талаар өгүүлсэн “Таскын” ном нь уншигчдын хүртээл болсон аж. Кемел Токаев уран бүтээлдээ социалист үзэл суртлыг бус, харин хэтрүүлэггүй бодит түүхийг харуулж чадсанаараа нэрд гарсан байна. Учир нь уран зохиолын социалист үзэл суртлаас уйдаж цөхсөн уншигчдад түүний бүтээлүүд маш шинэ соргогоор хүрч чадсан гэнэ. Тэрбээр амьдралынхаа хугацаанд 10-аад боть бүтээл туурвижээ.