Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар Монголд анх удаа өвдөгний тойгны төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, сувилагч Б.Цэцгээ, Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар зүүн өвдөгний тойгны төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг эмчилгээний шинэ технологийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болжээ. Өөрөөр хэлбэл, эмчилгээний үр дүн сайтайн дээр үйлчлүүлэгчид зовиур шаналал багатай, эдгэрэх явц хурдан гэнэ.