Олон улсын хэл хуурын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг билээ. Хэл хуур нь дэлхийн 160 оронд түгэн тархаж, нутаг орны онцлогоор өөр өөр нэршилтэй болж. Аж байдал, ахуй амьдралын орчин нөхцөл, эрхлэх үйл, байгалийн тогтоц, зан заншлаас шалтгаалсан хөг аялгуу, хэмнэл дуурьсалтай хамгийн бяцхан хөгжмийн зэмсэг юм. Манай улс хоёр дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэлээ. Өнгөрсөн онд “Нүүдэлчдийн хэмнэл” нэртэй баярын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Харин өнөө жил “Нүүдэлчдийн язгуур өв хөгжим аман хэл хуур” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэл хуурчдын тоглолт болон үзэсгэлэнг олон нийтэд сонирхууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн багш, археологич Ц.Төрбат “Монгол нутгаас олдсон археологийн хөгжмийн зэмсгүүд”, соёл судлалын доктор С.Юндэнбат “Аман хэл хуур хөгжмийн өв соёл”, Монгол хэл хуурын холбооны тэргүүн, хэл хуурч, хөөмийч Д.Даваасүрэн “Монгол хэл хуурын сургалт, урын сангийн хөгжил” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм. “2300 жилийн өмнөх Хүннүгийн олдвороор баталгаажсан, эртний нүүдэлчдийн ахуйгаас үүссэн язгуур өв хөгжмийн зэмсэг бол аман хэл хуур юм. Энэхүү хөгжмийн зэмсгээ ирээдүй хойчдоо сурталчлан таниулах, олон нийтэд ойлголт өгч, түгээн дэлгэрүүлэх нь бидний зорилго. Тухайлбал, аман хэл хуурын хэрэглээ, хөөмий ба хэл хуурын холбоо хамаарал, төрлүүдийг мэдүүлэх, урлал хийц, дуугаралт, татлага тоглолтыг таниулах, туршлага түгээх, сонирхон суралцагсдыг өргөнөөр хамруулах, судлаач, багш, оюутнуудыг оролцуулах, идэвхжүүлэх нь үйл ажиллагааны нэг хэсэг” хэмээн хуралд оролцогчид онцоллоо.
Ч.БОЛОР