Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ. Энэ талаар ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Манай улс уг вакциныг 2012 оноос нэвтрүүлсэн бөгөөд 2020 оноос сайн дурын үндсэн дээр иргэдийг дархлаажуулж эхэлжээ. Харин энэ онд хүний папиллома вирусний эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад хамруулсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор 11 настай бүх хүүхдэд уг вакциныг товлолын дагуу хийхээр шийдвэрлэсэн билээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байна. 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусээс хамгаалах тарилгыг нэмсэн. Ингэснээр жил бүр 11 настай бүх хүүхдийг папиллома вирусний эсрэг нэг тунт вакцинаар дархлаажуулна.
Дэлхийн 150 гаруй орон уг вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд сургуульд суурилсан байдлаар зохион байгуулдаг. Манай улс ч мөн адил эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдээлэл хүргүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр дархлаажуулж байна. Урьдчилан сэргийлж болох хавдраар жил бүр 160 орчим хүний амь эрсдэж байгаа нь тун харамсалтай. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Вакцинжуулалт нь олон сая хүний амийг авардаг гэдгийг онцлон тэмдэглэе. Папиллома вирусний үүсгэдэг олон төрлийн хавдар бий. Үүнээс 83 хувьд нь умайн хүзүүний хавдраар илэрдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжиж халдварладаг тул хэн ч өртөх магадлалтай учраас урьдчилан сэргийлэх нь чухал” гэв.
АНУ-ын “Мерк шарп” үйлдвэрийн нэг хүн тунгаар савласан “Гардасил” вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулах юм байна. Уг вакциныг тээвэрлэх, нийлүүлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хариуцаж буй аж. Вакцины тун бүрийг хамгийн өндөр чанар, шаардлагын дагуу тээвэрлэж, нийлүүлснийг тус сангийн суурин төлөөлөгч хурлын үеэр онцолсон юм. Дархлаажуулалтын 614 нэгжээр дамжуулан тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Химийн хяналт, чанар, аюулгүй байдлыг хангах дэд бүтэц, хүний нөөцийг бэлдсэн гэдгийг ЭМЯ-ныхан хэлэв. Мөн энэ үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Папиллома вирусний эсрэг вакцин зургаан төрлийн хавдар болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг. Жилд 400 гаруй хүн хавдраар өвчилж, 160-200 орчим нь нас бардаг. Сэргийлж болох хавдраар цаашид өвчлөхгүй байх боломжтой. Хүн амынхаа 90 хувийг вакцинжуулбал энэ өвчлөлийг устгаж чадна гэж дэлхий нийт үздэг. Мөн эрт оношилдог, эмчилдэг тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.
Дархлаажуулалтыг улс орон даяар эхлүүлсэн ч сурагчдыг ирэх сарын 5 хүртэл хуваарийн дагуу вакцинд хамруулах юм байна. Харин умайн хүзүүний хавдраас сэргийлэх сайн дурын вакциныг ХӨСҮТ-д 23 000 төгрөгийн төлбөртэйгөөр хийж буй бөгөөд 11-ээс дээш насны бүх хүн хамрагдах боломжтой юм.