Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалах ач тустай юм байна. Мөн элгэнд өөх ихээр хуримтлагдахаас сэргийлж, үе мөчний өвдөлт, хэт таргалалт, архаг хууч өвчинд тустай аминхүчлийг их хэмжээгээр агуулдаг аж. Түүнчлэн шүдийг бат бөх болгоход ааруул, ээзгий хэрхэн нөлөөлдгийг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн багш нар судалж байжээ. Энэхүү судалгаагаар ааруул, ээзгий нь шүдний пааланг идэвхтэй эрдэсжүүлж байгааг тогтоожээ. Мөн ааруул, ээзгий хүлхсэний дараа шүлс ялгаруулах хэмжээ ихэсдэг гэх дүгнэлт гаргасан байна.
Ингэснээр шүдийг эрдэсжүүлэхээс гадна амны хөндийн механик цэвэрлэгээг сайжруулж, шүд цоорох, тулгуур эдийн үрэвсэлт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж дээрх сургуулийнхан дүгнэжээ. Гэвч бид өдөр тутамдаа ээзгий хэрэглээд байдаггүй. Тийм боломж ч иргэдэд хомс билээ. Тэгвэл хэрэглэхэд хялбар, ээзгийний амт, чанарыг хадгалсан бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид хийдэг болжээ. Жишээлбэл, “Сайхан хийцтэй цай”-г энд дурдаж болно. Эл цайны нэг төрөл нь ээзгийтэй хийцтэй цай аж. Савлагааны хувьд 200 грамм. Мөн Завхан аймгийн “Мөнхөд мандаг” компанийнхан ээзгийтэй хийцтэй цай гаргасан байна. Эл бүтээгдэхүүн нь цулхир, хужир зэргийг агуулсан гэнэ.
А.ҮҮЛ