Засгийн газар, УИХ хамтран төсөвтэй холбоотой бантан хутгаж байна. Монгол Улс ирэх оныхоо төсвийг хоёр дахиа боловсруулж, хэлэлцэх нөхцөл анх удаа үүсэв. Эхнээсээ л үргүй зардал, мөрөөдлийн жагсаалт ихтэй төсвийг Засгийн газраас оруулж ирсэн, түүнийгээ олонхоороо хүч түрж баталсны горыг ийнхүү нийтээрээ амсах боллоо. Энэ сарын 10-ны дотор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг парламентад өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээгээд буй юм. Гэтэл орон нутгийн төсвийг энэ сарын 5-ны дотор батлах ёстой байдаг. Бүх л ажил эл хоёр институцийн бүтэлгүйтлээс үүдэн тодорхой хугацаагаар хойшлох нөхцөл үүсэх нь тэр.
Шинэ парламент төсөвтэй холбоотой олон анхны тохиолдолтой нүүр тулжээ. Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг анх удаа хүлээж автал дараа нь хэрхэн хэлэлцэх дэг хуульд байсангүй. Эцэст нь Ёс зүй, дэгийн байнгын хорооноос хориг хүлээн авсны дараах үйл явцтай холбоотой тусгай тогтоол батлах нэг шийдэл олсон юм. Ингээд байнгын хоёр хорооны хамтран байгуулсан ажлын хэсгээс нэг удаа хэрэглэх хуулийн төсөл оруулаад иртэл сайд нар нь УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд унагачхав. Хоорондоо зөрчилтэй, логикгүй үйл явдлууд өрнөж байна.
АМЖИХГҮЙ, ГЭХДЭЭ ДЭМЖИХГҮЙ
“УИХ бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын асуудлыг хуулиар зохицуулна” хэмээн Үндсэн хуульд заасан учраас хориг хүлээж авсны дараах үйл явцыг тогтоолоор биш, хуулиар зохицуулах нь зөв гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Уг хуулийн төсөлд тусгасны дагуу Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор хийсэн өөрчлөлтийн саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлснээр төсөвт засвар оруулж, үргүй зардлыг танах хэлэлцүүлэг үргэлжлэх байв. Нэг ёсондоо төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгээс дахин эхлүүлж, Засгийн газрын саналыг үндэслэн УИХ хянаад, засаад явна гэсэн үг.
Хориг хүлээж авах, эсэхийг хэлэлцэх үеэр парламент дээрх байдлаар тусгай дэг шинээр тогтоож шийдэхээр олонхоороо санал нэгдсэн юм. Гэвч баасан гаргийн чуулганы хуралдааны үеэр олон гишүүний байр суурь өөрчлөгджээ. Тэд Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох хуулиудыг тэр чигт нь Засгийн газарт буцааж, алдагдалгүй, үрэлгэн зардлаа хэмнэсэн төсөв боловсруулаад дахин эхнээс нь хэлэлцэх санал гаргаж байв. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Төсөв хэлэлцэх тусгай дэг байдаг. Гэтэл шинээр дэг зохиож хэлэлцвэл Үндсэн хуулийн цэцэд унах магадлалтай” гэсэн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Төсвийн эхний хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцэж буй, эсэхээр санал хураахад олонх дэмжсэн учраас одоо Засгийн газарт буцаах боломжгүй болсон” хэмээн тайлбарласан. Сангийн сайд ч буцаах саналыг нь эсэргүүцэж, “Төсвийн төслийг дахин эхнээс нь эхлүүлнэ гэвэл арванхоёрдугаар сардаа ч амжихгүй юм болно. Төсөвгүй оноо угтах юм уу” гэж байлаа. Ингээд тусгай дэг гарган нэг удаа хэрэглэх хуулийн төслийг батлах санал хураатал дэмжлэг авсангүй. Засгийн газрын долоон сайд эсрэг санал өгчээ. “Амжихгүй, гэхдээ цаг хэмнэх саналыг ч дэмжихгүй” гэлээ. Уйддаг юм уу, яадаг юм.
ТӨСВӨӨ ХАЯАД ГАДАГШ ЯВАВ
Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвөө дахин боловсруулахаар тунаж үлдэж байна. Бусад нь үүнд төдийлөн санаа зовохгүй байгаа нь хоёрдугаар хэлэлцүүлгээс засаад явах тухай дэгийн хуулийн төслийг унагасан долоон сайдын үйлдлээс харагдана. Төсвийн эхний хувилбарыг хэлэлцэн батлах үед ч бараа нь харагдаагүй Ерөнхий сайд үүн дээр нэмэгдэнэ. Тэрбээр улсын төсвийн асуудлыг салан задгай чигээр нь хаяад өчигдөр Саудын Арабыг зорилоо. Энэ сарын 1-9-нд Ерөнхий сайд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVI бага хуралд оролцохоор ийнхүү явсан байна. Эзгүй хойгуур нь Сангийн сайд Б.Жавхлан, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр нарын хэдэн үйлийн үртэй, бууриа сахисан сайд нь төсвийн шинэ хувилбарыг “хутгаад” оруулж ирэх л байх. Засгийн газрын нэг онцгой бүрэн эрх бол улсын төсөв боловсруулах. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсэл зоригоос энэ бүхэн “гадуур” өрнөж буй бололтой. Төсөвтэй холбоотой шүүмжлэл, асуудал гарах бүрд л тэрбээр хаа нэгтээ зугтсаар дуусгах нь. Эхний хуулийг батлах үед байнга шахам чөлөөтэй байсан. Харин одоо гадагшаа айлчлахаар явав. Тэгэхээр Засгийн газрын гэхээс илүү бараг Б.Жавхлангийн төсөв гээд хэлчихэд буруудахгүй нь.
Нэгэнт дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг олонх дэмжээгүй учраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бүх хуулийг хүчингүйд тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэн дэмжсэн юм. Ингэж байж төсвийг Засгийн газарт буцаах хууль зүйн боломж бүрдэх байв. Тэр ч ёсоор болж, улмаар Төсвийн байнгын хорооноос арванхоёрдугаар сарын 10-ны дотор багтаан 2025 оны улсын төсвийг дахин өргөн барих тогтоол боловсруулж, УИХ батлав. Ингээд Засгийн газар баасан гаргийн орой ээлжит бус хуралдаан хийгээд “Амжуулъя даа” гэв. Ерөнхий сайд явахаасаа өмнө чиглэл өгсөн биз ээ. Хугацаа давчуу байлаа гээд бүтэхгүй төсөв дахин оруулж ирэх эрх тэдэнд үгүй юм. Уг нь Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсны дараа Сангийн сайд Б.Жавхлан “Бид тооцоо, судалгаагаа боловсруулсан. Алдагдалгүй төсөв батлахын тулд 2.2-3 их наяд төгрөгийн зардал танах ёстой” гэсэн билээ. Тэгэхээр тодотголд бэлдэж байсан хувилбараа сайжруулаад, анхны төслөөсөө үргүй зардлуудаа үүний дагуу хасчихвал хугацаандаа амжуулж болно.
ТАВАН САРЫН ХУГАЦААНД ТАВАН УДАА ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭНЭ
Ерөөс төсвөөс илүү гарах “тэнхээ” манай УИХ-д алга бололтой. Байгуулагдсанаасаа хойших таван сарын байдлаар энэ парламент төсөвтэй холбоотой тав дахь “цогц” асуудлыг хэлэлцэх нь. Өмнөх парламент УИХ-ын сонгуульд төвлөрөөд үндсэн ажлаа амжуулаагүй учраас тэдний хийх ёстой байсан 2023 оны төсвийн гүйцэтгэлийг шинэ УИХ-аар баталсан юм. Мөн 2024 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны улсын төсвийг баталсан. Гэвч 2025 оны төсвийг ийнхүү бантагнуулчихаад байна. Одоо 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа хэлэлцэхээр зэхэж буй. Д.Амарбаясгалан даргын хэлснээр “УИХ нэр нүүрээ бараад энэ асуудлыг хэчнээн удаа хэлэлцэж байгаа” нь энэ.
126 гишүүнтэй парламент ер нь байгуулагдсан цагаасаа л нэг тийм “дампуу” байна. Гишүүд нь байнгын хороо, нэгдсэн чуулганыхаа хуралд суухгүй. Ирц бүрдэхгүйгээс хэлэлцүүлэг үе үе хойшилно. Улсын 2025 оны төсвийг анх хэлэлцэж байхад ч ирцийн маргаан гарсаар байсан. Баасан гарагт мөн л энэ талаар ярих үед 30 гишүүн нь гадаадад томилолттой байв. Нэр бүхий гишүүд Японд алжаалаа тайлж буй зураг ч нийгмийн сүлжээгээр цацагдан, шүүмжлүүллээ. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн санал хураалтад 69 гишүүн оролцсон. Уг нь 126 гишүүнтэй парламент шүү дээ. “Төсөв хэлэлцэж байхад гадаад томилолтын чөлөө уг нь өгөх ёсгүй биз дээ” гэж нэгэн гишүүн арга ядан асууж харагдана лээ.
УИХ-ын гишүүний үндсэн ажлаа хийдэг хүн үнэндээ цөөн аж. Төсвийг анх батлахад бүгд л Засгийн газрын байр суурийг хамгаалж, үргүй зардлын талаар дөрвөн гишүүнээс бусад нь дуугараагүй. Тэгснээ Ерөнхийлөгч хориг тавих болоход “Үрэлгэн, дэмий төсөв байж” хэмээн гэнэт сэрэн, дэмжлээ. Барьцгүй, мэдээлэлгүй, өөрийн толгойгүй гэхээс өөр юу хэлэх вэ. Эрхбиш нэг талд хэдэн хүн нь ажиллах гээд оролдоод байдаг. Нөгөө талд таван сар болчхоод дэг, хуулиа ч бүрэн судлаагүй, юу хийгээд буйгаа ч ухамсарлахгүйгээр товчлуур дардаг хүмүүс байсаар. Эсвэл хориг хүлээж авсантай холбоотойгоор дэг зохиолоо гээд Үндсэн хуулийн цэц буруутгана хэмээн айв уу. УИХ өөрсдөө хяналтаа тавиад өөрчлөлт хийгээд явна гэнгүүт хариуцлага хүлээхээс эмээв үү. УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хууль зүйн хувьд холион бантан болж, нэг л их процесс ярьсан хүмүүс байна. Бид он гарахаас өмнө төсвөө баталж, төрийн байгууллагууд үүний дагуу төлөвлөлтөө хийх ёстой. Дэгийн тухай хуулийн төслийн дагуу Засгийн газар саналаа оруулж, УИХ өөрөө ажилла гэсэн боломжийн хувилбар байхад хариуцлагаас зугтлаа. Бид өөрсдөө л ажиллах ёстой шүү дээ. Гэтэл бие бие рүүгээ шидэж, цаг алдах юм. Үр дүнд нь улс даяараа хохирох нь” гэсэн нь үнэн үг байв.
УИХ, Засгийн газрын гишүүдийн хэн хэн нь л айсан, зугтсан, тэгснээ зугаалсан хүмүүс болжээ. Оноосон ажлаа чанартай хийгээд, хариуцлагаа хүлээх зоригтой, чадвартай улс төрч манай улсад ер нь байна уу.