Зүүний сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Яманду Орси сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 52.1 хувийн санал авч Уругвай улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. “Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” гэгдэж байсан тус улсын Төрийн тэргүүн асан Хосе Мухака түүний ялалтыг хүлээн зөвшөөрөв. Орсигийн нэрийг “Өргөн фронт” гэдэг нам дэвшүүлсэн аж. Түүнтэй өрсөлдсөн эрх баригч Үндэсний намын төлөөлөл Альваро Дельгадо 47.9 хувийн санал авчээ.
Орси 1967 онд хөдөө нутагт, ажилчны гэр бүлд төржээ. Түүний гэр бүл Италиас Уругвайд XIX зууны эхээр ирсэн удмынхан юм. Орси хүүхэд байхаасаа л эцэг, эхийнхээ бизнест тус нэмэр болж байв. Бага, дунд сургуульд сурч, ахлах ангийн сурагч байхдаа Социалист намын үйл ажиллагаанд татагдаж. Улс төр сонирхоод байгааг эцэг, эх нь таашаахгүй. 1986 онд их сургуулийн хуулийн ангид орсноо түүхийн ангиар сольж 1991 онд төгсөв. Тэгээд мэргэжлийн ажил хийлгүй 22 жил гэр бүлийн дэлгүүрээ ажиллуулжээ. 25 жил ардын бүжиг хийж явсан ч түүхийн багш мэргэжлээрээ 2005 он хүртэл ажилласан байна. 1991 онд эгнээнд нь орсон Ардын оролцооны хөдөлгөөн нь “Өргөн фронт” намын нэрд гарсан хүч болж Орси 2010 он хүртэл тус намын орон нутгийн байгууллагуудад орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг алба хаших болжээ. Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол бий, эсэхийг нь сэтгүүлчид сонирхоход ийм боломж байж болох ч ойрын үеийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөөгүй гэж хариулж байсан гэнэ.
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлаа эхлүүлэхийн тул эрхэлж байсан ажлаа хоёрдугаар сард өгөв. Тэгээд зургаадугаар сарын 30-нд болсон намын дотоод сонгуульд тэргүүлж, “Өргөн фронт” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
Яманду Орси хоёрдахь удаагаа гэрлэсэн, тэднийх ихэр хоёр хүүхэдтэй.
Тэрбээр 2015-2024 онд Канелонес департаментын захирагчаар ажиллаж байв. “Эдийн засаг, нийгэм, улс төрийн үүндээс хэнийг ч цаашдаа орхихгүй тийм нийгэм, тийм улсын Ерөнхийлөгч байхыг эрмэлзэнэ” гэж Орси амласан байна. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Луис Лакалье Поу саяны сонгуулийг “Ардчилсан, тайван амгалан болж өнгөрсөн”-ийг тэмдэглээд Орсид баяр хүргэжээ.
57 настай Орси сонгуулийн өмнөх кампанийн үеэр “аюулгүй өөрчлөлт хийхийн төлөө” нэр дэвшигч болохоо харуулсан бол өрсөлдөгч Дельгадо нь “Сайн Засгийн газрыг дахин сонгохын төлөө” гэсэн уриатай сурталчилгаагаа өрнүүлсэн байна. 30 гишүүнтэй Сенатад хяналтаа “Өргөн фронт” нам тогтоож, аравдугаар сарын эцсээр болсон бүх нийтийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 99 суудлын 48-ыг нь авчээ.
Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2025 оны гуравдугаар сарын 1-нд болох юм. Төв банкнаас гаргасан урьдчилсан таамгаар тус улсын эдийн засаг ирэх онд 3.5 хувиар өсөх төлөвтэй гэнэ. Ажилгүйдлийн түвшин гурван жилийн доод хэмжээнд хүрч, 7.3 хувиар буурчээ. Мөнгө, зээлийн хатуу бодлого инфляцын өсөлтийг зогсоож чадсан байна. Гэлээ ч тэтгэврийн тогтолцоотой холбоотойгоор шинэ Ерөнхийлөгчийг лав л эхний жилдээ хүндхэн сорилт хүлээж байгаа гэж тоймчид үзэж буй юм. Орси тэтгэврийн нас 65 байсныг 60 болгохоор төлөвлөжээ.
Орсигийн нэрийг дэвшүүлсэн “Өргөн фронт” нь коммунист чиг баримжаатай нам юм. Хөрш Аргентинд нь нэг жилийн өмнө барууны радикал үзэлт Хавьер Милей Ерөнхийлөгчөөр сонгогдож, Перуд зүүний үзэлт удирдагч саяхан суудлаа өгчихөөд байгаа нөхцөлд тус тивд “улааны таталт” зогсож, “улааны шинэ түрэлт” эхэлж байгаа, эсэхийг хэлэхэд одоо төвөгтэй байна.
Ямар ч гэсэн Орсид ялалт авчирсан хүчин зүйлийг дутуу үнэлэх учиргүй. Уругвай улс нь тивийнхээ хамгийн амьдрал сайтай орны нэг гэгддэг бөгөөд тиймээс ч бүс нутгийнхаа бүх холбооны нөлөө бүхий гишүүн нь байдаг юм. Нэмж хэлэхэд, Монтевидео, Вашингтоны харилцаа муудах нь зайлшгүй гэж тоймч, судлаачид дүгнэж байна. Учир нь Трамп, Орси нар хэл амаа ололцох нь юу л бол.
Ийнхүү таван жил завсарлаад Уругвайд эрх мэдэл зүүний хүчинд буцаж ирэв. Орси дэмжигчдэдээ хандаж эхний удаа үг хэлэхдээ, үндэсний эвлэрлийг эрхэмлэж, Уругвайг эрх чөлөө, тэгш эрх, ах дүүсэг харилцааны улс байлгах болно гэсэн байна. Тэрбээр бизнесийг үргээхгүй, хөрөнгө оруулалтыг татаж, ажиллах хүчийг нэмэгдүүлж, сургахын тул татварыг нэмэгдүүлэхгүйгээ амлав. Мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхдээ Европтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байгаа юм.
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Уругвайн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхдээ “Улс орныхоо нийгэм, эдийн засгийг тууштай хөгжүүлж, олон улсын нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэсэн бодлогод өндөр итгэлтэй байгаагаа Уругвайн ард түмэнд харууллаа. Харилцан ойлголцол, хоёр улсын тусгаар тогтнолыг хамгаалах, дэлхийд шударга дэг журам тогтоохын төлөө Уругвайтай харилцаатай байхыг эрхэмлэдэг, итгэлтэй, хариуцлагатай түнш гэж Беларус улсыг тооцож болно” гэсэн байна.
Тодруулга: Бразил, Аргентин хоёрын дунд оршдог жижиг улс ч гэлээ Латин-Америкийн хамгийн аюулгүй, ардчилсан, чинээлэг улсын нэг гэж Уругвайг үздэг юм. Хятад, Америктай эдийн засгийн нягт харилцаатай байдаг. Түүнийг Латин Америкийн Швейцар ч гэж нэрлэх нь бий. Испани, Аргентин, Финланд, Бразилаас хөрөнгө их орж ирдэг. Худалдааны гол түнш нь Хятад, Бразил, Аргентин, АНУ юм.
Түүх сөхвөл, 1973 оны зургаадугаар сард Уругвайд цэргийн эргэлт болжээ. Ардчиллын загвар гэгдэж байсан тус улсад цэрэг-иргэний дарангуйлал тогтов. Нэг хүнд ногдох улс төрийн хоригдлын тоогоор дэлхийд тэргүүлэх болжээ. Уругвайн түүхийн энэ бараан үе 12 жил үргэлжлэв. Энэ хугацаанд армийн дайчдын тоо 40 мянга байснаа 100 мянга болж, 60 мянган хүн шоронд орсон нь хүн амынх нь хоёр хувь юм.
1960-1973 онд Уругвайд эдийн засаг унаж, үйлдвэрлэл, худалдаа нь зогсон, ажилгүйдэл, инфляц нэмэгдэж, 1972 онд үндэсний нийт бүтээгдэхүүн нь 1954 оныхоос 12 хувь доогуур орсон байв.
1986 оноос Уругвайн эдийн засаг сэргэж эхлэв. “Economist” сэтгүүлээс гаргасан ардчиллын чансаагаар Уругвай улс 2021-2022 онд дэлхийд 13 дугаарт, Латин Америкт нэгдүгээр байрт оржээ. Дэлхийн банкны баримтаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Өмнөд Америкт тэргүүлж, 2021 онд энэ үзүүлэлт 17 313 ам.доллар болсон байв. Түншийн хувьд АНУ экспортоор гуравдугаарт, импортоор дөрөвдүгээрт орж байна. Зөвхөн эдийн засгийн аргаар төдийгүй Уругвайг өөрийн нөлөөний хүрээд байлгахад нь нийгэм, соёлын бодлого нь Вашингтонд багагүй үүрэг гүйцэтгэж буй юм. Уругвай улс Хятадтай ойртох нь Америктай харилцахад нь саад болдоггүй. Эрчим хүч, теле харилцаа, санхүү, технологийн салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг Монтевидео чармайдаг.
Хятадын “Huawei” компани Уругвайн зах зээлд 2005 онд хөл тавьж, телекооммуникацын салбарт ноёрхох болжээ. 2019 онд Хятад, Уругвайн хооронд 13 хэлэлцээрт гарын үсэг зурсны дотор Си Зиньпин санаа ихэд тавьдаг “Нэг бүс, нэг зам” төсөл орсон байна. Хамтран ажиллахад газар зүйн байршил, хол ойрын зай саад болдоггүйг Хятад, Уругвайн жишээнээс харж болно. Уругвайн Ерөнхийлөгч Луис Лакалье Поу Бээжинд анхны төрийн айлчлал хийснийхээ дараа “Нэг бүс, нэг зам” бидэнд таатай боломж олголоо. Бид Хятадын өөдөөс алхах ёстойг манай орны хүмүүс, улс төрчид хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна” гэж хэлж байв.
Орос, Уругвайн хооронд визгүй зорчдог. Оросын иргэд Атлантын далайн эрэгт 90 хоног жуулчны статустай байх боломжтой аж.