Казахстаны Астана хотод өнгөрсөн сард зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид зургаан медальтай эх орондоо ирсэн. Монголын самбо бөхийн спортод Г.Баяндүүрэн хэмээх нэр тодоос тод сонсогдож, гал гарсан барилдаан, тулаанаараа дэлхийн дэвжээнд цойлж, шилдгүүдийн эгнээнд жагсах болов. Хөдөөгийн эгэл жирийн амьдралаар өсөж, хүмүүжсэн түүнийг спортоор замнахад гэр бүл, өссөн орчин нь багагүй нөлөөлжээ. Тэрбээр есөн хүүхэдтэй өнөр айлын найм дахь нь. Багадаа ах нартайгаа болон үеийнхээ хөвгүүдтэй барилдаж ноцолдохыг нь хараад аав нь баярлан, урмын үг хайрладаг байсан нь хожим мөрөөдөлдөө хүрэхэд хүч нэмсэн гэдэг. Дорнод аймгийн Баян-Уул сумаас Улаанбаатарыг зорьж, 2013 оноос самбо, жүдо бөхийн спортод хөл тавин дасгалжуулагч ОУХМ О.Нарангэрэлийн удирдлагад бэлтгэл хийх болов. 2017 оноос хойш тулааны урлагт сэтгэл татагдан, сонирхон судлах болсон түүнд хэтийн зорилгоо биелүүлэхэд байлдааны самбо илүү дөхөм байж. Хэдийгээр багш нь энэ төрлийн дасгалжуулагч биш ч гэлээ өөрийн мэддэг бүхнээ шавьдаа харамгүй зааж, зөвлөжээ. Тэрбээр тухайн жил болсон самбо бөхийн УАШТ-ий байлдааны самбогийн төрөлд түрүүлснээр урам авч, өнөөг хүртэл тууштай хичээллэж буй. Ур чадвараа ахиулахаар Монголын самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Үүрцолмон багшийн бэлтгэл сургуулилалтад хамрагдсан нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хөтөлсөн юм. Самбогоос гадна жиү жицү, холимог тулаанаар хичээллэдэг түүний анхны том тэмцээн нь Туркменистаны Ашхабат хотод 2017 онд болсон Азийн тулааны наадам. Тус наадмын медалийн төлөөх тулаан эх орондоо ганзага дүүрэн буцах, эсэхийг нь шийдвэрлэх чухал мөч байлаа. Тэнд хүрэл медаль гардсан нь түүний амьдралд мартагдахаарүй дурсамж үлдээсэн.
2019 онд Азийн аваргаар шалгарсан Г.Баяндүүрэнд дэлхийн аварга хэмээх хүндтэй цол хайрласан жил нь2022 он байв. Тэр жил Киргизийн Бишкек хотыг зорьж, самбо бөхийн ДАШТ-ий байлдааны самбогийн төрөлд Узбекистаны тамирчин Сайдаматов Лутфиллаг ялж, медалийн тавцанд зогсохыг монголчууд огшиж үзсэн билээ. Самбо бөхийн спортод хойд хөршийнхөн дэлхийд ноёлдог. Дээрх тэмцээний долоон жинд дөрвөн алтан медалийг эзэн орны тамирчид хүртсэн юм. Дэлхийд данстай болсон аваргын сэтгэлдээ олон сар тээсэн нэгэн том зорилго бол дараа жил нь Тайландын Бангкок хотод хөл тавих байв. Тус хотын “Impact аrena”-д болсон Азийн холимог тулааны хамгийн том холбоо “One champi¬onship”-т “Submission graplling”-ийн 61 кг-ын жингийн аваргын бүсний төлөө жиү жицүгийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын 26 настай тамирчин Майки Мусумечитай анхны тулаанаа хийсэн. Уг тулааны дараа өрсөлдөгч нь ярилцлага өгөхдөө “Түүний хөл нь бараг 20 удаа таг яг хийж дуугарсан. Яаж тэссэнийг нь бүр гайхлаа. Миний учраа таарсан өрсөлдөгчдөөс үнэхээр хатуу самар нь тэр байлаа” хэмээн онцолсон юм. Тамирчин хүний хувьд бэртэл гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан байдаг.
Хүндхэн бэртлээс хойш дэвжээнээс жил гаруй хугацаанд завсарлаж, хэцүү санагдсан бүхнийг бие, сэтгэлийн хүчээр даван туулсан нь түүнийг хурцлан, хилийн дээс дахин алхахад хүргэж, амжилтаас атгуулсан. Дэвжээнд гарсан анхны өдрөөс чин сэтгэлээсээ бэлтгэлээ чанартай хийхийг баримталж ирсэн нь өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. 2019 оноос хойш Ц.Чинзориг захиралтай “Янгир хайрхан” ХХК-д харьяалагдаж, цөөнгүй тэмцээнд оролцсон түүнд ДАШТ-д аваргаа дахин баталж, медаль зүүх амархан байгаагүй. Багш нарынхаа зааснаас гадна өөрөө маш их хичээл зүтгэл гаргаж, тууштай хөдөлмөрлөсний ачаар шагналын тавцанд зогссон юм. Казахстанд болох ДАШТ-ээс 14 хоногийн өмнө тэрбээр мөн л бэртэж, тэмцээнд оролцох, эсэхдээ эргэлзэж байлаа. Өвдөгний хажуугийн шөрмөс нь хэдэнтээ урагдаж, “Түвшин мед” эмнэлгийн захирал, спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаярт хандан эмчилгээ хийлгэснээр Астанагийн дэвжээнд тулалдсан. Тэрбээр цахим хуудсандаа “Надад эмчилгээ хийхээс гадна маш сайн зөвлөгөө өгсөн Э.Түвшинбаяр эмчид баярлалаа. Хүнд бэртлийг даван туулаад дахин түрүүлсэн минь шинээр аварга болж буй мэт мэдрэмж төрүүлсэн” хэмээн бичсэн байв.
Тулааны дэвжээнд гарахдаа “Энэ миний дэвжээ. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг мэдрэх үе ирлээ” гэж өөртөө байнга хэлж, сэтгэл зүйгээ бэлддэг түүний дэлхийн хошой аварга болсон амжилтын нууц их энгийн. Гавьяат тамирчин, Г.Үүрцолмонгийн удирдлагад гийрийн бэлтгэл сургуулилалт хийсний давуу тал, гайхамшгийг Астанагийн дэвжээнд тулалдахдаа харуулсан. Энэ талаар дасгалжуулагч Г.Үүрцолмон “24, 16 кг-ын туухай өргөж, бэлтгэл хийсэн тамирчдын биеийн булчин шөрмөс хөгжиж, хурд, цохилтын хүч, биеийн тамир нэмэгддэг. Миний хувьд байлдааны самбогийн төрөлд Г.Баяндүүрэнгийн ажиллах чадварыг нь сайжруулж, цохилтын хүчийг нэмэх зорилгоор туухайтай дасгалыг өглөө бүр тусгайлан хийлгэсэн. Өмнө нь түүний тулаануудыг үзсэн болохоор дутаж байсан зүйлийг нь ийн олж харсан юм. Туухайтай бэлтгэл хийхэд нөхөн сэргээлт, бэртэл гэмтлийн эдгэрэлт хурдасдаг давуу талтай. Дэлхийн аварга болсон тамирчин судлаач, дасгалжуулагч, эмч, сэтгэл зүйчээс ялгаагүй болдог юм шүү дээ. Туухай өргөх нь тамирчдад үхлийн цэгийг давахад тусалдаг. Үүнийг даваагүй тамирчин өндөр оноотой байсан ч тэмцээний төгсгөлд сүүлийн секундэд амжилтаа өрсөлдөгчдөө алддаг. Туухайтай дасгал хөдөлгөөн хийдэг байсны давуу талыг жүдочдоос Б.Баасанхүү харуулж, Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр жүдо бөхийн үндэсний шигшээ багт орохоосоо өмнө миний удирдлагад гийрийн бэлтгэл хийдэг байв. Энэ мэтчилэн олон улс тамирчдаа туухайтай нөхөрлүүлж, амжилтад хүргэж байна” хэмээн өгүүлсэн юм.