МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Шарк” Д.Энхтүвшин 2024 оны парламентын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тул холбогдох хууль, журмын дагуу ийнхүү нөхөн сонгууль явуулсан юм.
Танхимын удирдлагыг сонгох нөхөн сонгуульд “Таванбогд групп”-ийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан, “Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав, “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эдийн засагч Б.Лакшми, “Дабльхилл” ХХК-ийн захирал Ш.Төмөрсүх, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарын долоон хүн өрсөлдсөнөөс Л.Төр-Од олонхын санал авчээ.
Нэр дэвшигчид бизнес эрхлэгчдийн нийтлэг арх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого баримтлах, юу хийх талаарх мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа оролцогчдын асуултад хариулжээ. Эхний санал хураалтад “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од нийт гишүүний 37, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан 27 хувийн санал авснаар нэг, хоёрдугаар байрт жагссан аж. Нийт гишүүний 50-иас дээш хувийн санал авсан хүнийг танхимын удирдлагаар батламжлах заалтыг үндэслэн санал хураалтыг дахин явуулснаар Л.Төр-Од 54 хувийн буюу 276 хүний саналаар тэргүүлжээ.
МҮХАҮТ-ын шинэ удирдлага эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. “Транспаренси интернешнл Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байгаад энэ оноос Ерөнхий сайдын зөвлөх болсон юм. Тэрбээр XXII их хурлын үр дүн гарсны дараа “Эрх гэхээс илүү үүргээ ухамсарлаж ажиллана. Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчныг Монгол Улсад бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ” гэсэн юм.
Н.ГАН