Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэцүүлэхээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь үүнийг дэмжсэнээр хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдаж, 2025 оны төсөвтэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
МАН: 2025 ОНЫ ТӨСВӨӨР ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХГҮЙ, ЗАСВАРЛАЖ, ӨРГӨН БАРИНА
Сангийн сайд Б.Жавхлан “2025 оны төсвийн төслийг дахин өргөн барих хугацааг энэ сарын 10-ны дотор гэж заасан. Бид үүний дагуу ажиллаж байна. Төсвийг Засгийн газарт буцааж, хүчингүй болгосонтой холбоотойгоор зохицуулалтгүй, гэнэтийн асуудлууд үүсээд буй. Холбогдох хуулиар бол ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг зохицуулалттай. Үүнээс өмнө маш их ажил хийдэг. Дор хаяж зургаан сарын хугацаанд бэлтгэл хангадаг. Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барьж, УИХ ч хүлээн авч баталсан. Нийт 70 гаруй өдрийн хэлэлцүүлгийг хүртээмжтэйгээр зохион байгуулсан. Тиймээс 2025 оны төсвөөр дахин хэлэлцүүлэг явуулахгүй, засварлаж өргөн барина. Эхнээс нь тоонууд “цуглуулах” шаардлагагүй. Засгийн газар цоо шинэ бус, засвар оруулсан төсөв өргөн мэдүүлэх тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл батлахыг хүлээх шаардлагагүй. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталчихвал 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн үндэс бүрдэнэ” гэв.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “УИХ, Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална” гэсэн заалтыг тусгажээ.
АН: ТӨСӨВ ДАХИН БОЛОВСРУУЛАХДАА ХАРИУЦЛАГАТАЙ, ХЯНАМГАЙ ХАНДАХ ЁСТОЙ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Конрад Аденауэр сантай хамтран зохион байгуулсан “Чөлөөт зах зээлийн экосфер: эрх чөлөөг эрхэмлэв” сэдэвт эдийн засгийн чуулганы үр дүнг хэлэлцлээ. Мөн 2025 оны төсөвтэй холбоотой, Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Хоригт орж, буцаагдсан төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Ерөнхийлөгч хоригтоо алдагдалгүй төсөв батлах үндэслэл, шаардлагыг маш тодорхой дурдсан байгаа. Алдагдалгүй болгохын тулд хуучин төсвөө наанадаж 2.4 их наяд төгрөгөөр танах шаардлагатайг Сангийн сайд хэлсэн. Ингэж байж бодитойгоор хассан болох гэнэ. Тэгэхээр өмнөх төсвөө 2.4 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээгээр танаж таарах нь. Энэ бол асар их хэмжээний мөнгөн дүн. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг байгуулж, хэдэн гишүүнд даалгах бус, Засгийн газар хариуцаж, дахин өргөн барих хуулийн гарц хайж байгаа нь сайн хэрэг. Төсөв дахин боловсруулах ажлын цаана иргэдийн ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээ гээд олон асуудал хөндөгдөх учир Засгийн газар илүү хариуцлагатай, хянамгай хандах учиртай” гэв.
Түүнчлэн АН-ын намын бүлэг Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай, дөрвөн зүйл заалт бүхий тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсноо мэдээллээ. Мөн Улаанбаатар хотын түгжрэлээс болж эдийн засагт 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж холбогдох байгууллагаас танилцуулсан нь учир дутагдалтай, авто замын ачааллаас үүдэлтэй нийгмийн хохирлыг бүрэн хэмжээгээр тооцоолж байж үүнийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх талаар хөндсөн юм.