Соёлын өвийн үндэсний төвд “Сэргээн засварласан үзмэрүүд-2024” үзэсгэлэн дэлгэжээ. Тус төв дэргэдээ Сэргээн засварлах газартай. Уг газрын 13 сэргээн засварлагч энэ онд улс, аймгийн 35 музей, соёлын байгууллагын 161 үзмэрийг сэргээн засварласан юм байна. Тэдгээрээс 20 гаруй байгууллагад хадгалдаг, түүх, соёлын хөдлөх 36 дурсгалыг үзэсгэлэнд тавьжээ. Энэ нь соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ.
Үзэсгэлэнд баримал, даавуу, зөөлөн эдлэл, уран зураг, модон, арьсан, металл эдлэл, танка, археологийн олдвор зэрэг үзмэрийг багтаажээ. Тухайлбал, Дүрслэх урлагийн музейн зээгт наамал, Уран зургийн галерейн “Бөхийн гараа” баримал, Архангай аймгийн музейн үзмэр болох буур хэмээх Н.Жамъян аваргын зодог шуудаг зэргийг сэргээн засварласнаа үзэсгэлэнд дэлгэсэн байв.
Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрынхан нь мод, чулуу, металл, даавуу, цаас, арьс, шир, яс, шавар, шаазан зэрэг төрөл бүрийн материалаар хийсэн үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварладаг аж. Мөн байгалийн хад чулуугаар бүтээсэн хөшөө дурсгалыг оршин буй газар дээр нь болон лабораторид түр шилжүүлэн сэргээн засдаг. Тухайлбал, энэ онд найман аймаг дахь чулуун 20 дурсгалыг цэвэрлэж, бэхжүүлэн, сэргээн засварласан байна.
М.ОЧ