Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар дулаан, цаг агаар тогтуун байсан бол өчигдрөөс агаарын температур эрс доошилж, хүйтний эрч чангарч эхэллээ. Ойрын өдрүүдэд манай орны нутгийн хойд хэсэг болон зүүн хагаст цас орж, говь, тал, хээрийн нийт нутгаар салхи шуурга ихтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Цаг уурч Э.Дариймаа “Их нууруудын хотгорын болон томоохон нуурууд хөлдөж буйтай холбоотойгоор энэ сарын 2-10-нд эдгээр бүс нутагт их, бага хэмжээгээр хур тунадас орно. Ихэнх хугацаанд салхины хурд секундэд 4-9 метр байх бол арванхоёрдугаар сарын 6-8-нд говь, тал, хээрийн нутгаар 9-14 метрт хүрч ширүүсэх төлөвтэй.
Дархадын хотгор, Завхан, Идэр голын хөндийгөөр эрс хүйтэн буюу шөнөдөө 30-35, өдөртөө 19-24 хэм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, томоохон голуудын хөндийгөөр өдөртөө 14-19, шөнөдөө 25-30, говийн бүсийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6, шөнөдөө 8-13 хэмд хүрнэ. Улаанбаатар хотод энэ сарын 6-нд ялимгүй цас орж, шуурна. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5-10, зарим үед 12-14 метрт хүрч ширүүсэх төлөвтэй” гэсэн юм.
Өчигдрийн 11.00 цагийн байдлаар манай орны ихэнх нутгаар 22 см хүртэлх зузаан цасан бүрхүүл тогтсоныг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд 22, Ховдын Дарвид 16, Хэнтийн Баян-Адаргад 12, Баян-Өлгийн Сагсайд 11 см цасан бүрхүүл тогтсон нь тухайн үеийнхээ дээд үзүүлэлт болж байв. Өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Отгон сумд 34.6 хэм хүрч хүйтрэн, Өмнөговийн Баян-Овоод 10.1 хэм дулаан байсан нь агаарын температурын хамгийн их, бага утгаар бүртгэгджээ.
Н.МИШЭЭЛ