Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргал тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт хорих ял эдэлж байсан нэгэн. Тэрбээр Л.Баянмөнх, Э.Баяржавхлан, Б.Батмонгол, Н.Алтансувд, А.Асралт, Х.Мөнгөнжигүүр, О.Энхтүвшин, Б.Мөнхтүвшин, Н.Баасанбат, Б.Урангоо нартай хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан юм.. Тэд 2020 оноос хойш олон улсын буухиа шуудангаар Африкаас бусдын нэр, иргэний үнэмлэх ашиглан мансууруулах бодис хүлээн авсан, борлуулсан олон үйлдэлд холбогдсон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.
Тодруулбал, Б.Түвшинжаргал Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт шийтгүүлж, 2010 оноос хойш арваад жил ял эдэлж байхдаа Африк тивийн Малави зэрэг улсын иргэдтэй холбогдож, шуудан илгээмжээр Монгол Улс руу мансууруулах бодис хүлээн авч худалдахаар тохиролцон удаа дараа их хэмжээгээр хүлээн авсаар байсан юм. Хамгийн сүүлд гэхэд 2023 оны арванхоёрдугаар сарын эхээр нэг кг орчим “бараа” хүлээн аваад Б.Батмонголын хамт баригдсан байдаг. Энэ мэтээр удаа дараа их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, борлуулсан Б.Түвшинжаргал нарын 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны есдүгээр сард хоёр дахь удаагаа хэлэлцэн шийдвэрлэж, Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 20.7-3.1, 20.7-3.3-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга, тогтвортой, улсын хил нэвтрүүлж үйлдсэн” гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид найман жил хорих ял шийтгэжээ. Харин Б.Батмонголыг нээлттэй хорих ангид гурван жил хорихоор болсон байна.
Мөн А.Асралтад зургаа, Л.Баянмөнхөд таван жил зургаан сар, Б.Мөнхтүвшинд дөрвөн жил зургаан сар, Э.Баяржавхланд хоёр жил хоёр сар, Н.Мөнгөнжигүүрт хоёр, Н.Баасанбат, Н.Алтансувд нарт нэг жилийн хорих ял оноосон бол О.Энхтүвшингийн зорчих эрхийг нэг жилээр хасжээ. Шүүгдэгч Б.Урангоод нэг жил дөрвөн сар хорих ял оноож, уг ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тогтоохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгажээ. Шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах, шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Түвшинжаргал, Б.Батмонгол нарт хөнгөн ял оноосныг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Прокуроруудын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхийнхэн хүлээн авснаар өнгөрсөн есдүгээр сард анхан шатны шүүх “Жоби” хочит Б.Түвшинжаргал нарын 11 хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, ял шийтгэлийг нь чангаруулж оноосон нь энэ юм.