Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын дарга асан С.Цэдэнсодномыг “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь АТГ-ын ажилтнууд баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хэд хэдэн объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэлээд орой болтол үргэлжилсэн аж.
С.Цэдэнсодномтой хамт НХОГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнийг саатуулсан байна. НХОГ-ын дарга асан С.Цэдэнсодномыг хот тохижилтын ажилтай холбоотой тендерт шалгарсан Ч, Х, Б, С, Б гэх аж ахуйн нэгж, иргэдээс удаа дараа их хэмжээний буюу 100-200 орчим сая төгрөгийн хахууль авсан, амины өндөр үнэтэй орон сууц захиалж, “Мерседес бенз” загварын автомашин худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг үйлдэлд буруутгаж буй. Тэгвэл НХОГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнийг эл хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн сэжиглэн шалгаж байгаа гэнэ.