Тартагтаа тулж, бултах, зугтах аргагүйд хүрсэн Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хотын удирдлагууд юу хийхийг өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэв. Агаарын бохирдол асуудал биш юм шиг гүрийж, юу олоогүй мэт царайлж байсан дарга нар арга буюу үнэнд гүйцэгдэн, сайжруулсан гэх түлшээ сайжруулах талаар ярьжээ. Харамсалтай нь, дарга нарын танилцуулсан ажлуудын дотор агаарын бохирдлыг бууруулах нь гэсэн итгэл төрөхөөр хэмжээний амлалт байсангүй. Бүгд л ирээдүй цагийн “үлгэр”, иргэдийг мунхруулах гэсэн оролдлого байлаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний чанарыг сайжруулах туршилт эхлүүлснийг дуулгав. Энэ туршилт хэзээ дуусаж, цаашлаад түлшний чанар сайжрах, улмаар Улаанбаатар утаагүй болох нь харин тодорхойгүй үлдлээ. Нийслэлийн холбогдох албаныхан өнгөрсөн онд бас ийм амлалт өгсөн ч хэрэгжүүлээгүйг эргэн сануулъя.
Гэхдээ энэ удаад нөхцөл байдал өөр. Учир нь УИХ-ын өнгөрсөн наймдугаар сарын 30-ны тогтоолоор “Тавантолгой түлш” компанийг нийслэлд шилжүүлсэн аж. Тэгэхээр түлштэй холбоотой бүх асуудлын хариуцлагыг Засаг дарга Х.Нямбаатар үүрнэ гэсэн үг. Түүнчлэн утааг бууруулахын тулд эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, II, III ДЦС-ыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн болон Багануурын цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэв. Үүгээр зогсохгүй нийслэлд 202 626 айлын орон сууцын төсөл хэрэгжүүлж, бараг л гэр хорооллын бүх айлыг байранд оруулах шахам амлалтыг А.Амартүвшин өгөв. Мөн сайжруулсан түлшийг халж, эрчим хүчний шинэ шийдэл бий болгоно гэж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “зөгнөжээ”. Тэрбээр “Манай улс хийн арвин нөөцтэй.
Цаашдаа хийн хангамжаа дотоодоосоо бүрэн шийдэх боломжтой. 2027 онд ашиглалтад оруулах Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр 60 мянган тоннын хүчин чадалтай. Бидний жилийн хэрэглээ ч 60 мянган тонн. Ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшинд холбох дэд бүтэц бий болгоно” гэсэн байх юм. Гэвч дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд Засаг дарга Х.Нямбаатарын багийн бүрэн эрхийн хугацаа хүрэлцэхгүй, нөөц боломж нь ч дийлэхгүй биз ээ. Хотын удирдлагууд ийнхүү уламжлалт амлалтуудаараа иргэдийг хуурч, ирэх хавар хүртэл “ширэн нүүрлэх”-ээр шийдсэн бололтой. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан нь хүртэл “Агаарын бохирдол иргэдийн өвчлөлд шууд нөлөөлөөгүй” гэсэн тайлбарыг ичих ч үгүй хэлж байх юм.
М.ОЧ