Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам,тээврийн осол, гэмтлийг цөөрүүлэх ажлын хүрээнд техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг энэ сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүйг нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдсэн юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй 159 038 тээврийн хэрэгсэл бий гэнэ. Үүний 99 229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй аж. Харин татварыг нь төлөөгүй нийт 408 684 тээврийн хэрэгслийн 231 397 нь нийслэлийн харьяанд байна. Зөрчлийн тухай хуульд жолооч нар торгуулиа хугацаанд нь төлбөл 50 хувь хөнгөлж, харин хугацаандаа багтаагүй бол 50 хувь нэмэгдүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногт багтаж торгуулиа төлбөл дүнг нь50 хувь хөнгөрүүлнэ. Харин энэ хугацаа дууссанаас хойш буюу 16 дахь хоногоос эхлээд сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувиар нэмэхээр заасан аж.
Үүний хүрээнд цагдаагийн байгууллагаас татвар, даатгалаа төлөөгүй, улсын дугаар бүрэн бус, оношилгоонд оруулаагүй, олон торгуультай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах ажлыг өчигдрөөс эрчимжүүлжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Д.Ганхуягаас тодруулахад “Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, үзлэг, оношилгоо хийлгээгүй тээврийн хэрэгслийг гудамж, талбайн хяналт шалгалтаар илрүүлж, арга хэмжээ авч байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн хөдөлгөөний хязгаарлах, түр саатуулах хүртэл арга хэмжээ авч байгаа. Одоогоор нийслэлийн хэмжээнд татвар төлөлт 90 орчим, албан журмын даатгалд хамрагдсан байдал 66 хувьтай. Мөн үзлэг, оношилгоонд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзлэх хувь 70-д хүрсэн” гэв.
Ташрамд дуулгахад, 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүрэх тооцоолол гарчээ. Үүнтэй зэрэгцээд тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед автомашины хурд таван км/цагт хүрч, түгжрэлийн урт 200 км-д хүрэх эрсдэл үүсээд буй гэнэ.