“Франц улсад амьдраад есөн жил болж байна. Нэг ч удаа санал өгсөнгүй дээ. Өгөх сөн гэж боддог. Гэвч саналаа өгөхөд төр улсын бодлого нь саад болж байна шүү дээ. Миний амьдарч буй газар дипломат төлөөлөгчийн газар байхгүй”.
Франц улсад амьдарч буй Монгол Улсын иргэн, зохиолч, сэтгүүлч Х.БОЛОР-ЭРДЭНЭ
“Чикаго хотод 14 дэх жилдээ ажиллаж, амьдарч байна. Монгол Улс гадаадад суугаа иргэдээсээ 2012 оноос сонгуулийн санал авч эхэлснийг мэднэ. Гэвч манай хотод өнгөрсөн онд л Консулын газар байгуулагдлаа. Өөр хот руу явж санал өгөх цаг, боломж гардаггүй учраас ирснээсээ хойш нэг ч удаа сонгуульд оролцоогүй. Миний эргэн тойрны таньж мэдэх найз нөхөд ч адилхан, саналаа өгч байгаагүй. Чикаго бол 30 гаруй мянга буюу хамгийн олон монгол иргэн амьдардаг хот. Харин одоо энд Консулын газар нээгдсэн, бас амралтын өдрийг тааруулж санал авах учраас парламентын сонгуульдаа оролцож, улс төрийн сонгох эрхээ эдэлнэ гэж бодож байгаа”.
АНУ-ын Чикаго хотод амьдарч буй иргэн С.БАТСАЙХАН
“Би 2012 онд Австрийн Вена хотод суралцахаар ирж байлаа. Одоо 12 дахь жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд 2017 онд нэг л удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгсөн. Вена хотод манай ЭСЯ бий”.Австри улсын Вена хотод амьдарч буй иргэн Г.Энхбилэг
“Турк улсын Истанбул хотод 13 дахь жилдээ амьдарч байна. Сонгуульд оролцож, санал өгч үзээгүй. Энд Консулын газар байдаг ч хаана, хэрхэн саналаа өгөх талаар мэдээлэл муу. Мэдээллээ хангалттай түгээхгүй байна л даа. Манай Консулын газарт сайт байхгүй, фэйсбүүк дэх мэдээллээ тогтмол шинэчилдэггүй юм. Тэнд баярын амралт, паспортоо ирж ав гэсэн агуулгатай зар л байршуулдаг гэхэд болно. Тэгээд ч нийгмийн сүлжээгээр Монголын тухай ихэнхдээ л бараан мэдээлэл гардаг учраас улс төрчдөд итгэдэггүй. Сонгууль шударга болдог гэдэгт ч итгэдэггүй учраас бүтэн өдрөө алдаж саналаа өгөх хэрэг байна уу. Саналыг минь өөрсдөдөө ашигтай байдлаар тоолдог биз гэж харддаг шүү дээ. Тиймээс л саналаа өгье гэж зорьж байсангүй”.Турк улсын Истанбул хотод амьдарч буй иргэн Б.Мягмарсүрэн
Хилийн чанадад манай улсын 120 гаруй мянган иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан ёсны тоо бий. Тэдний 100 мянга орчим нь сонгуулийн эрхээ эдлэх насанд хүрсэн аж. Гэвч эх орноосоо гараад олон жил болохдоо тэд улс төрийн сонгох эрхээ бусад хөгжилтэй орны иргэдийн адил эдэлж тэр бүр чадсангүй. Монгол Улс 2012 оны парламентын, 2013, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хилийн чанадад амьдардаг монгол иргэдээсээ санал авсан. Гэвч ирц, оролцсон хүний тоо 6000 ч хүрч байсангүй. Энэ бүхний шалтгаан юу вэ.
ХИЙХ ХҮН АРГАА, ХИЙХГҮЙ ХҮН ШАЛТГАА ОЛНО
Монгол хүний толгой дээр нар жаргахаа больсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрд манай иргэд амьдарч байна. Эдгээрээс илүү олон иргэн амьдардаг 30 оронд л Монгол Улсын дипломат төлөөлөгчийн 49 газар байгуулаад буй юм. НҮБ-ын гишүүн 194 орон байхад 30-д нь л ЭСЯ, Консулын газар байгаа нь чамлалттай хэрэг. Мөн зөвхөн дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-аар дамжуулан сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, ЭСЯ, Консулын газар байрладаг хотод л санал авах байр ажиллуулна. Тэгэхээр дэлхий даяар 49 газарт л санал авна гэсэн үг. Хэдийгээр бие нь эх орондоо үгүй ч сэтгэл санаа, оюундаа тэд бүгд л Монголоо хөгжөөсэй, өөрчлөгдөөсэй гэсэн бодол тээж явдаг биз ээ. Тиймээс улс төрийн сонгох эрхээ эдэлж, өөрчлөлт авчирч, бодит ажил хийх, авлигажсан тогтолцоог засах хэмжээний нам, эвсэл сонгоход хувь нэмрээ оруулахыг олонх нь хүсдэг. Гэвч угаас хүртээмжгүй ДТГ-таа заавал биеэр очиж саналаа өгөх ёстой гэдэг нь бэрхшээл болдог байна. Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг и-мэйл, шуудангаар авдаг олон улсын жишиг бий. Тиймээс хилийн чанадад амьдарч буй иргэд маань ч өдөр тутмын ажилд нь саад болохгүй, технологийн дэвшлийг ашигласан ийм аргаар санал авдаг болгох хүсэлт тавьсаар ирсэн. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх сонирхол улс төрчдөд байсангүй. Хамгийн сүүлд өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байхад СЕХ-ноос энэ тухай санал тавьсан ч дэмжлэг хүлээгээгүй аж. Нэгэнт цахимаар саналаа өгч болохгүй учраас гадаад дахь сонгогчид заавал өөрийн биеэр очиж сонголтоо хийх ёстой. Гэтэл амьдарч буй хотод нь байтугай улсад нь ДТГ байхгүй иргэд яаж сонгох эрхээ эдлэх вэ. СЕХ-ноос энэ талаар лавлахад “Өөрт аль ойр, хил залгаа оронд нь ЭСЯ, Консулын газар байгаа бол тэнд очиж саналаа өгч болно. Сонгуулийн тухай хуульд заавал дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж санал авах ажлыг зохион байгуулахаар тусгасан учраас өөр арга байхгүй” гэв. Гэвч өглөөний нарнаас үдшийн бүрий болтол хүний нутагт хөдөлмөрлөж буй тэдэнд нэг өдрийн орлогоо “золиослох” хэцүү.
Тэгвэл гадаадад амьдарч буй 100 мянган сонгогчийг эрх баригчид яагаад үл тоодог вэ гэсэн асуулт гарна. Тэд дэлхийн хөгжилтэй оронд амьдарч, төрийн ажил хэрхэн бодитоор урагшилж, хийж буй нь нүдэн дээр илэрч, иргэдийнхээ амьдрах орчин, эрх, эрх чөлөөг яаж хангадгийг мэдэрч байгаа. Тиймээс 30 гаруй жилийн турш гоё амлалт өгч, түүнийгээ цаасан дээр л “хэрэгжүүлсээр” ирсэн улс төрийн хуучин намуудыг сонгодоггүй, бас итгэдэггүй бололтой. Тэгэхээр эрх баригч намын хувьд “ашиггүй хэсэг” байх нь. Тиймээс л санал авах үйл явцыг цахимжуулах хүсэлгүй, хойш суусаар ирсэн гэж хардаж болно. Нэг үгээр бол гадаадад байгаа эх орон нэгтнүүдээ “шоовдорлож”, сонгох эрхийг хангах тал дээр ялгаварласан байх нь. Уг нь сонгуульд оролцохоо урьдчилан бүртгүүлэх үйл явцыг цахимаар авдаг юм билээ. Зургаадугаар сарын 15-наас өмнө гадаад дахь сонгогчид энэ тухай хүсэлтээ и-мэйл, шуудангаар гаргах боломжтой аж. Гагцхүү санал хураахад л уг систем нь “ажиллахгүй” байгаа юм. Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг дээ.
ИРЦ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА
Гадаад дахь сонгогчдын саналыг ирэх зургаадугаар сарын 20-23-нд дөрвөн өдрийн турш авах юм билээ. Сүүлийн хоёр өдрийг нь бямба, ням гарагт тааруулжээ. Амрах үедээ амжуулах, эсвэл өөр хот руу очиж санал өгөх хүмүүст цаг хугацааны боломж олгохоор зохицуулж чадаж буй арга нь л энэ. Цахимжилтаас хоцорсон улсын иргэдэд үүнээс өөр шийдэл үгүй. СЕХ-ноос ГХЯ-ны саналыг үндэслэн энэ сарын 21-нээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Төв комиссыг 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах учиртай. Уг комисс нь салбар комиссоо ДТГ-ын дэргэд зохион байгуулна.
Хилийн чанадад амьдарч буй насанд хүрсэн нийт иргэнтэй харьцуулахад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн, санал өгсөн хүмүүсийн тоо маш чамлалттай. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд ирц, оролцоо “тэрүүхэндээ” өсөөд л буй юм билээ. Манай улс 2012 онд анх удаа гадаадад амьдардаг иргэдээсээ санал авсан. Парламентын уг сонгуульд 4276 иргэн оролцохоор бүртгүүлснээс 65 хувь нь саналаа өгчээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6233 иргэн бүртгүүлснээс 68 хувь нь улс төрийн эрхээ эдэлсэн байна. 2017 оны сонгуульд 7209 сонгогч бүртгүүлж 68, 2021 онд 7394 хүн нэрээ мэдүүлсний 75 хувь нь тус тус саналаа өгсөн аж. Ийнхүү оролцоо өсөж буй мэт боловч санал өгсөн хүний тоо хамгийн ихдээ л 5500 болж байна. Амралтын өдрийг тааруулсан сонгууль зохион байгуулах СЕХ-ны арга үр дүнгээ өгч, гадаад дахь сонгогчдын оролцоо нэмэгдэнэ гэж найдъя.
Юутай ч ЭСЯ, Консулын газартайгаа ойр байгаа монголчууд хоёр дахь удаагаа парламентад төлөөллөө сонгох нь. Тэд мэдээллийг нийгмийн сүлжээ, цахим орчноос л авдаг. Гадаадад байгаа иргэдэд хамаарах тойрог гэж үгүй учраас тэд зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоонд хамаарах хэсэгт саналаа өгч, аль нэг нам, эвслийг л сонгоно. 27 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд буй. 20-иод хоногийн дараа эднээс тоо нь харьцангуй цөөрч, өрсөлдөх нам, эвслийн тоо албан ёсоор тодорхой болно.
Илүү сайхан амьдрал, хөдөлмөрийн шударга үнэлгээ хайн эх орноосоо түр явсан иргэдээ төр мартаж болохгүй. Хаана ч байсан тэд бол Монгол Улсын иргэд. Зөвхөн сонгох, сонгогдох ч биш, Үндсэн хуулиар олгосон бүхий л эрхээ эдэлсээр байх ёстой хүмүүс. Тиймээс хэлбэр төдийгөөр санал авсан болдог энэ байдлаа 2028 оноос зогсоож, технологийн дэвшлээр дамжуулан байршил үл харгалзан сонгох эрхээ эдлэх, хууль тогтоох байгууллагаа бүрдүүлэх оролцоог нь хангах ёстой. Ийм өөрчлөлтийг хийж чадах зөв улс төрийн хүчнийг сонгохын тулд, иргэн бүрийн сонгох эрхийг хангахын төлөө бууриа сахисан монголчууд бид илүү хичээх хэрэгтэй болж байна.