“Сүүлчийн удаа сонгуульд нэр дэвшье. Намдаа нэг суудал аваад ирье” хэмээн парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ намын удирдлагаасаа гуйж гэнэ. Яах нь вэ дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухамсарлаж, дараа үедээ зайгаа тавиад өгөх зангарагтай байгаасай, улс төрчид. Уг нь тэрбээр 2020 оны сонгуулийн дараа энэ үгээ хэлж, “Одоо ах нь сайд л хийгээд үзчихье, дараагийн сонгуульд дахин нэр дэвших биш дээ” хэмээн гуйсан тухай нийгмийн сүлжээгээр хэсэг бичлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хүсэлтийг нь хүлээж аваад түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх албан тушаал бий болгож өгөв.
Спортын тусгайлсан сайдтай болоод энэ салбарт юу ч наалдсангүй. Сайдын албыг эрх ямбаас гадна ажиллах үүрэг, хариуцлага дагадгийг эрхэм гишүүн ойлгосонгүй бололтой, хоёр жилд тоймтой ч юм хийсэнгүй. 20 жил парламентын гишүүнээр ажиллахдаа тэрбээр улс орны амьдралд хэрэгтэй хууль ч санаачилсангүй. Зүгээр л “оршсон” байна. Улс төрөөс салж чадахгүй болж, эрх мэдэл, албан тушаалд гүн дурласан ийм хүмүүс өөрийн хүсэлтээр хэзээ ч жолоогоо татахгүй. Бас ажилласан хугацаанд гаргасан үр дүнг харгалзан дахин сонгохгүй байх, эсвэл хариуцлага алдаж, хууль зөрчсөн бол бүрэн эрх нь дуусахаас өмнө эгүүлэн татах зохицуулалт бүхий хууль тогтоомж манай улсад үгүй. Тиймээс ийм хязгаарлалтыг хуульд тусгаж, нэг хүнийг УИХ-д гурваас илүү удаа сонгохыг хориглоё.
ЗУРГАА СОНГОГДСОН НЭГ, ТАВ УЛИРСАН ХОЁР ГИШҮҮН БАЙНА
Монгол Улсад 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй долоон удаан сонгогдсон хоёр л хүн байдаг нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар. Одоогоор хараахан эвдэгдээгүй “рекорд” гэсэн үг. 2020 оны сонгуулиар нам нь тэднийг “чөлөөлснөөр” сая нэг “амраад” байна. Ц.Нямдорж гуай энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг гурвантаа хашиж, нэг удаа УИХ-ын дарга хийсэн юм. Улсын бага хурлыг оруулж тооцвол Д.Лүндээжанцан гуай 1990-2020 он хүртэл тасралтгүй 30 жил найман удаа төр барилцсан байна. Харин тэрбээр нэг ч удаа сайд хийгээгүй, УИХ-ын даргаар л ажилласан аж. Тэд харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн улс төрч гэдгийг үгүйсгэхгүй. Гэвч сүүлийн парламентуудад идэвх ч, хичээл зүтгэл нь ч буураад ирснийг уншигчид санаж буй биз ээ.
Эл рекордод дөхөж яваа нэг гишүүн одоогийн парламентад байдаг нь Н.Энхболд юм. Тэрбээр 2000 оноос хойш тасралтгүй зургаан удаан сонгогджээ. Энэ хугацаанд УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Түүний араас таван удаа сонгогдсоноороо дархан аварга, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд нар жагсана. Тэгвэл Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар 2008 оноос хойш тасралтгүй, Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар дундаа завсарлагатайгаар тус тус дөрвөн удаа сонгогдсон байх юм. Гурав дахиа сонгогдон ажиллаж буй Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Д.Баделхан нарын зургаан гишүүн бий.
Эднээс элдэв хууль бус зүйлд нэр холбогдохгүй ажилласан гишүүнийг дурдъя гэхэд таван хуруунд ч хүрэхгүй нь. Эсрэгээрээ тендерчин, албан тушаалаа өөрийн эрх ашгийн төлөө ашигласан, хууль бус зүйлд нэр холбогдсон нь олонх. Улсын хөгжилд онцгой гавьяа байгуулсан, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгсөн чухал хууль санаачлан батлуулах парламентын гишүүний гол ажил үүргээ гүйцэтгэсэн нь ч хэд бол. Ерөнхий сайдаар АН-ын түүхэнд хамгийн урт буюу хоёр жил гаруй ажиллахдаа Н.Алтанхуяг харин нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэлээд ажил хийсэн. Тэгвэл МАН-аас Ерөнхий сайд болсон Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гавьяа гэхээр зүйл тийм ч тод санагдахгүй нь.
Олон удаа парламентад сонгогдохдоо улс орныхоо гэхээс хувийн бизнес, ах дүүгийнхээ амьдралыг л сайжруулахад санаа тавьсан, төрийн төлөө гэх сэтгэлгүй, санаачилгагүй эдгээр хүний хугацаа үнэхээр ханачихжээ. Тиймээс “Одоо л сүүлчийн удаа нэр дэвшчихье” гэж шалаад яах вэ. Төрийн буяныг хангалттай эдэллээ, хашиж болох бүх л албан тушаалд ажиллалаа, олонх нь хувийн бизнес, ахуй амьдралаа хэтрүүлэн өөд татлаа. Одоо болно доо.
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭГ, УИХ-Д ХЯЗГААРГҮЙ
Найман удаа УИХ-ын сонгууль явуулсны үр дүнгээр зургаад нь МАН эрх барьсан учраас парламентад “буг” болсон 15 хүний 14 нь энэ намынх байна. Санаагаар нь бүх зүйл болдог бол эрүү өвдөг нь нийлсэн өвгөн, эмгэн болсон ч УИХ-ын гишүүний эрх ямбыг эдэлсээр байхыг манай улс төрчид хүсдэг. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гуай хоёрыг долоон удаа дараалан сонгогдсоных нь дараа МАН-ынхан “хүчээр” холдуулсан. Мань хоёрт бол үргэлжлүүлэх санаа байсан нь мэдээж. Ах нарынхаа энэ түүхийг давтах санаа Б.Бат-Эрдэнэ гишүүнд ч бий. Тиймээс л “Тойрог томссон, олонд танигдсан хүн хэрэгтэй учраас намдаа нэг суудал аваад ирье л дээ” гэж гуйгаад байгаа хэрэг. Түүнийг сонгоно гэдэгт ийм итгэлтэй байгаа нь “сайхан”.
Үндсэн хуульд зааснаар 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн хэн ч парламентын сонгуульд нэрээ дэвшүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжтой. Сонгогдох эрхийг нь тултал олгосон ч хариуцлага тооцох механизмыг нь “мартчихсан”. Ажлаа сайн хийж чадахгүй байгаа гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг сөрөг хүчний зүгээс нэг биш удаа санаачилдаг юм, гэвч баталж байсангүй. Хэн нь ч олон дахин сонгогдож, зөөлөн суудалд насаараа залрах мөрөөдөлдөө хаалт хийж зүрхлэхгүй явсаар иржээ. Магад удахгүй болох сонгуулийн үр дүнгээр илүү олон намын төлөөлөл парламентад сонгогдож, хэн нь ч үнэмлэхүй олонх болохгүй нөхцөлд УИХ-д “буг” болтлоо суудаг, үр бүтээл хангалтгүй, хүсэл шунал нь хязгааргүй улс төрчдөд хуулиар хязгаарлалт хийх эрүүл сэтгэлгээ бүрдэх биз. Аливаа ажлыг санаачлан эхлүүлж, түүнийхээ үр шимийг үзэхэд 12 жил бол хангалттай хугацаа. Бас төрийн ажлын залгамж бодлогыг сайжруулахад түшээд анхаарах ёстой. Тэгвэл улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон ажлуудыг нам үл харгалзан үргэлжлүүлдэг соёл тогтоно.
МАН эрх барьсан сүүлийн найман жилийн хугацаанд Үндсэн хуульд хоёронтоо томоохон өөрчлөлт орууллаа. Үүний нэг нь Ерөнхийлөгчийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгодог болгосон явдал. Одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх зургаан жилээр ажиллах анхны Ерөнхийлөгч болоод буй. Үүний өмнө Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгодог, нэг хүн хоёр удаа улирах эрхтэй байсан билээ. Улмаар 1997-2005 онд Н.Багабанди, 2009-2017 онд Ц.Элбэгдорж хоёронтоо улиран Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хувьд анхнаасаа л сонгогдох эрхэд нь хязгаар тогтоосон зохицуулалт үйлчилж ирсэн юм. Тэгэхээр хязгаарлалт хийх нь шинэ жишиг биш. Үүнийг л парламентад нэвтрүүлье.
Нэг ажлыг хүн удаан хугацаагаар хийхэд мэдээж давуу тал бий. Мэргэшнэ, ажил гарт орно. Гэвч үргэлж өөрийгөө хөгжүүлж, өсөж, байнга шинэ санаачилга, хүсэл тэмүүллээр ундарсаар байдаг хүн олон биш. Гурваас дээш удаа парламентад сонгогдон “мэргэшсэн” манай түшээдийн гараас ямар чанартай ажил гарч, бүтээмж нь хэрхэн өсөв. Тойргийн сонгогчдодоо гурил, будаахан тарааж, ахмадуудыг нь амралт сувилалд хэвтүүлэх, ямар нэг байгалийн гамшиг тохиолдвол болоод өнгөрсөн хойно нь голдуу сайн хүний дүр эсгэн очихоос өөрөөр тоймтой хийсэн ажил үгүй. Дараа дахин сонгогдохоо бодож, тулга тойрсон “ажил” л хийнэ үү гэхээс улсын ирээдүй, хэтийн хөгжилд чиглэсэн, судалгаатай, улс суурьтай хууль санаачлан батлуулж, хэрэгжилтийнх нь араас санаа тавьдаг гишүүн хэд бол.
Хүн мэргэшиж болох ч чадамж, бүтээмж нь хязгаартай. Бас үе солигддог, юмс шинэчлэгддэг. Ялангуяа улс төрд, хууль тогтоох байгууллагад шинэ салхи хэрэгтэй. Тиймээс залуу хойч үедээ, эсвэл богино хугацаанд үр дүнтэй, чанартай ажиллаж чадах хүмүүст зайгаа тавьж өгмөөр байна. Гэвч хууль бус хэрэгт нэр нь холбогддог ч намаа санхүүгээр дэмждэг гишүүдээсээ МАН татгалзана гэхэд бас хэцүү. Тэгвэл тийм хүмүүст бид дүн тавьж чадна.