НҮБ-ын гишүүн орнуудын 21 хувь нь эмэгтэй Ерөнхий сайдтай
УИХ-ын сонгууль угтсан улс төр өрнөж байна. Аль намаас хэн хэнийг тойрогт сойж, ямар хүмүүсийг жагсаалтад багтаахтай холбоотой наймаа хөшигний ард “өндөр авч” буй бололтой. Улс төрчдөд парламентын 126 гишүүний нэг болохын төлөө “алалцах”-аас өөрөөр өдрөөс өдөрт уруудаж буй иргэдийнхээ ахуй амьдралыг хэрхэн өөд татах, улс орноо яаж хөгжүүлэх тухай бодох сэтгэл ч, хүсэл ч алга аж. Намууд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Гэвч уг хөтөлбөр нь хэрхэн сонгогчдод таалагдах, тэдний саналыг яаж татах, яавал олонх болох вэ гэдэгт чиглэсэн байдаг гээд хэлчихэд буруудахгүй.
Найман удаагийн сонгуулиар бид 32 Ерөнхий сайд томилуулан ажиллуулжээ. Тэд бүгд эрэгтэй байв. Эрчүүд парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн албыг хашсан 34 жил өнгөрлөө. Гэвч 1990 оны хувьсгалаар олж авсан ардчиллын үнэт зүйл, эрх чөлөө улам бүр хумигдсаар байна. Энэ бүхнийг аль нэг намын эрэгтэй Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдон гарч ирээд ч шийдэж барсангүй. Тэгвэл 2024 оны сонгуулийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг эмэгтэй хүнд оноогоод үзвэл яасан юм бэ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг бүх намын дүрэмд бий. Гэвч дүрмийг өөрчилж болно. Хүсвэл хийж, өөрчилж болохгүй зүйл үгүй. Африкийн болон Европын цөөнгүй орон эмэгтэйчүүдийг Ерөнхий сайдаар томилж, бүсгүй хүний мяндсан ухаан, чамбай удирдлагын үр дүнг мэдрээд эхэллээ шүү дээ.
НЭГ ТАНХИМД ДӨРВӨН ЭМЭГТЭЙ САЙД АЖИЛЛАСАН НЬ ХАМГИЙН ОЛОН
Монголын улс төрийн нөхцөл байдал хаврын тэнгэр хоёр яг адилхан. Найман удаагийн сонгуулийн түүхэнд зөвхөн Н.Энхбаяр л Ерөнхий сайдын албан тушаалыг бүтэн дөрвөн жил хашиж, танхим нь тогтвортой ажилласан байх юм. Бусад нь 1-3 жил ажиллаад л солигдож байжээ. Тэр тоолонд нэг танхимд 1-3 эмэгтэй сайд багтаж ирэв. Хэдийгээр сүүлийн хоёр удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, бүх шатны эрхийг хэрэгжүүлсэн ч Засгийн газар нь гурвантаа солигдсон. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсоныхоо дараа Б.Батцэцэгийг Гадаад харилцааны, А.Ариунзаяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Ч.Номинг Соёлын, Н.Уртнасанг БОАЖ-ын сайдаар тус тус томилсон нь түүхэнд анхны дөрвөн эмэгтэй сайдтай танхим болж байв. Гэвч Н.Уртнасанг нэг жилийн дараа огцруулж, одоогийн сайд Б.Бат-Эрдэнээр сольсон. Улс төрийн хүрээнд шинэ дүр болох энэ эмэгтэйг Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож, баг болж ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар ийнхүү огцруулсан юм. Ингээд нэг эмэгтэй сайд хасагдав. У.Хүрэлсүхийн танхимаас улирч үлдсэн А.Ариунзаяа удалгүй яагаад ч юм ажлаа өгч, түүний оронд Д.Сарангэрэлийг томилсон. Гэвч тэрбээр манай улсын түүхэнд “хамгийн богино хугацаанд ажилласан сайд” хэмээх рекорд тогтоосон билээ. Ард түмнээ доромжилж, “улны иргэд” хэмээн хэлсэн үгэндээ ороогдсон түүнийг 29 хоногийн дараа уг албанаас огцруулсан юм. Улмаар 2023 оны нэгдүгээр сард “Боомтын сайд”-аар томилогдсон байсан Х.Булгантуяаг буурь сэлгүүлэн “сайдын саадтай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу илгээв. Түүний оронд Б.Тулгыг “Боомтын сайд” болгосон тул танхим дахь хүйсийн харьцаа өөрчлөгдсөнгүй. Ингээд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйн үлгэрээр одоогийн Засгийн газарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, ХНХ-ын сайд Х.Булгантуяа гэсэн гурван эмэгтэй л ажиллаж байна.
НҮБ-аас гаргадаг “Эмэгтэйчүүд улс төрд-2023” статистикт Монгол Улс Засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувиараа 138 дугаарт Израил, Киргизстантай зэрэгцэн бичигджээ. Үүнд манай Засгийн газрыг яамтай 16 сайдынх нь тоогоор тооцож, хоёр нь эмэгтэй хэмээн үзээд 12.5 хувиар дээрх байрт жагсаасан байгаа юм. НҮБ энэхүү мэдээллээ тухайн оныхоо нэгдүгээр сарын байдлаар гаргадаг. 2024 оны статистик нь хараахан гараагүй байна. Зарим сайд нь сар ч хүрэхгүй солигддог манай улс төрийн тогтворгүй үзүүлэлтийг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын статистик гүйцэж “ойлгохгүй” байх нь ч аргагүй. Бас тэд Монголын яамгүй дөрвөн сайдыг энэ үзүүлэлтдээ “тооцсонгүй”. Уг нь 20 сайдаас гурав нь эмэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүрэлдэхүүний 15 хувь болж буй юм. Мөн өнөөдрийн байдлаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Б.Солонгоо ХЗДХ-ийн, С.Мөнгөнчимэг Сангийн, Б.Уянга УУХҮ-ийн дэд сайдаар тус тус ажиллаж байна.
АФРИКИЙН ОРНУУД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГООР ИЛҮҮРХЭВ
НҮБ-ын гишүүн 193 улс байдгийн 21 хувь нь эмэгтэй Ерөнхий сайдтай аж. Үүнд Бангладеш, Дани, Эстони, Исланд, Итали, Латви, Уганда, Самоа, Франц, Намиби, Танзани, Того, Серби зэрэг улс багтаж байна. Африкийн улсууд энэ жагсаалтад бараг 50 хувийг эзэлж буйг уншигчид анзаарсан байх. Сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдсэн. Ялангуяа Руанда улс парламентын эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Тус улсын парламентын гишүүдийн 61 хувь нь эмэгтэй. Энэ үзүүлэлтээрээ тэд жендерийн тэгш байдлыг хамгийн сайн хангадаг Скандинавын орнуудыг хэдийн ардаа орхиод байна. Мөн тус улсын Засгийн газрын 47.6 хувийг бүсгүйчүүд бүрдүүлж буй үзүүлэлтээр дэлхийд 17 дугаарт эрэмбэлэгджээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, тэр тусмаа бүсгүйчүүд улс орныг удирдаж эхэлснээр энэ тивд мөргөлдөөн, алан хядлага эрс буурч, энх тайван тогтож буйг НҮБ онцолдог. Бүсгүйчүүд асуудлыг зөөлнөөр, хүч хэрэглэлгүй шийдэж чаддагийг Африкийн орнууд дахь өөрчлөлт харуулж байна.
ХЭН ЧАДАХ ВЭ
Удахгүй болох УИХ-ын сонгуулийн хамгийн гол өрсөлдөгч бол МАН, АН-ынхан. Энэ хоёр намын аль олон суудал авсан нь дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. Тэгвэл тэд яагаад дэлхийтэй хөл нийлүүлж, дээрх жагсаалтын тоог нэгээр нэмэх сонголт хийж болохгүй гэж. Ардчилсан тогтолцоотой болоод 34 жил өнгөрсөн ч эдгээр нам нэг ч удаа эмэгтэй даргатай байсангүй, 32 Ерөнхий сайдын дунд нэг ч бүсгүй багтсангүй. Ардчилсан хэмээн тунхагладаг оронд энэ статистик нь өөрөө шударга бус болж харагдаж байна. Үнэндээ эрчүүд Засгийн газрыг тэргүүлснээр юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс л энэ удаа гүйцэтгэх засаглалын жолоог эмэгтэй хүнд атгуулах зоригийг эдгээр намаас гаргах хэрэгтэй. Тэдний хийж чадаагүй, зориглоогүй өөрчлөлтийг эмэгтэй хүн хийж чадахыг үгүйсгэхгүй. Олон улсын жишээнээс бүсгүйчүүд чаддагийг бид бэлхнээ харж буй.
Эдүгээ Л.Оюун-Эрдэнэ МАН-ын, Л.Гантөмөр АН-ын даргаар ажиллаж байна. Тэд намынхаа дүрэмд өөрчлөлт оруулчихад л дээрх уриалга бодит ажил болох боломжтой. Сонгуульд ялсан намын зөвхөн дарга нь биш, гишүүдийнхээ саналаар нэр дэвшүүлж Ерөнхий сайд хийх хүнээ тодруулж болно. Ингэхдээ чадварлаг, хууль бус зүйлээс хол байж улсынхаа төлөө зүтгэх сэтгэлтэй эмэгтэйг нэр дэвшүүлэх зоригийг гишүүд нь гаргахад болно. МАН, АН-ынхан шийдвэр гаргах гол албан тушаалын нэг болох Ерөнхий сайдад эмэгтэй хүн санал болголоо хэмээн өөдрөгөөр төсөөлье. Тэгвэл үүнд тэнцэх хүн хэн бэ гэдэг асуулт гарна.
МАН-д боловсон хүчний нөөц их. Гэвч тулхтай улс төрч гээд нэрлэчих эмэгтэй харьцангуй цөөн байна. Юутай ч Ерөнхий сайд хийх хэмжээний мэдлэг, туршлага, зангарагтай эмэгтэй гэвэл тус намаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарыг нэрлэж болох юм. АН-ын хувьд намаа төлөөлөн парламентад ажилладаг бүсгүйчүүдийн олонх нь нэр хүндтэйгээр албаа дуусгадаг. Болчимгүй үг унагах нь бага, буруу алхах нь цөөн байдаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Сүүлийн хоёр парламентад тус бүр 13 эмэгтэй сонгогдсоны аль нь ч 2012-2016 онд ажилласан АН-ын долоон эмэгтэйн ажлын үр бүтээмжийг гүйцсэнгүй шүү дээ. Тиймээс энэ намын бүсгүйчүүд дотор “нөөц” илүү олон олдоно. Тэднээс эдүгээ АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй З.Нарантуяа Ерөнхий сайдын албыг өлхөн хийж чадах чамбай эмэгтэй. Мөн УИХ-ын дэд даргаар ажиллаж, түүхэнд анх удаа чуулганы хуралдааныг удирдсан эмэгтэй болсон С.Одонтуяа ч энэ шалгуурт тохирно. “Гайхамшиг” тохиож гуравдагч хүчний намууд нэгдэн, хамгийн олон суудал авах юм бол ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэлийг энэ жагсаалтад нэрлэж болж байна. Учир нь иймэрхүү өөрчлөлт гуравдагч хүчний намуудаас гарах магадлал илүү өндөр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас Н.Удвал хэмээх эмэгтэйг нэр дэвшүүлсэн нь манай улсын түүхэнд анхны тохиолдол болсон юм даг. Уг сонгуульд тэрбээр нийт сонгогчийн 6.5 хувийн дэмжлэг авсан билээ.
Монгол Улс НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэнээрээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Гэвч эмэгтэйчүүдийн эзлэх хувь парламентад 17.1, Засгийн газарт 15 хувиар сүүл мушгисхийж яваа. Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлт, эмэгтэйчүүдэд олгосон нэр дэвшүүлэх 30 хувийн квот, намын жагсаалтад хүйсээр сөөлжих зохицуулалт зэрэг нь үр дүнгээ өгч, ирэх парламентад бүсгүйчүүдийн эзлэх хувь өснө. Гэвч Засгийн газрын түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах ямар нэгэн хуулийн зохицуулалт үгүй. Энэ нь танхимаа өөрийн эрх мэдлийн хүрээнд бүрдүүлдэг болсон Ерөнхий сайдын хүслээс л хамаарна. Мөн манай улсад Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг голдуу эмэгтэйчүүд удирдаж байсан түүх бий. Тухайлбал, Б.Батцэцэгээс өмнө 1998-2000 онд Н.Туяа, 2007-2008 онд С.Оюун нар сайдаар ажиллаж байв. Түүнчлэн Сангийн дэд сайдыг бүсгүйчүүд хаших нь бий. Энэ мэт тодорхой хэдэн салбарыг бүсгүйчүүдэд “хуваарилаад” өгчихсөн, бусдыг нь эрчүүд эзэлдэг жишиг тогтчихоод байна. Буруу жишгийг эвдэхийн тулд бүсгүйчүүд өөрсдөө ч санаачилгатай байж, зоригтой ажиллах ёстой. Учир нь эмэгтэй Ерөнхий сайдтай болох хамгийн зөв шийдэл ч байж мэднэ.