Ажлын цаг дуусахтай зэрэгцэн хүн бүр л гэр лүүгээ харихаар яарцгаана. Гэвч автобус ирэхгүй. Бээрсэн, гараа үлээн, хөлөө хооронд товшин дулаацахаар оролдох хүн автобусны буудалд дүүрэн. Автобус ирлээ ч багтахгүй үлдэх хүн цөөнгүй. Жолооч нь “Голоор байгаа хүмүүс хойшоо яв даа. Хар хүйтэнд хүмүүсээ багтаачихмаар л байна шүү дээ. Утсаа оролдоод байгаа залуу цаашаа яваарай. Ядаж цаашаа нэг нэг алхаарай” гэж хэлэх нь чихэнд хоногшжээ. Энэ жолооч “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II авто баазад ажилладаг. Тэрбээр уртын ээлжээр ажиллаж буйгаа хэллээ. Уртын ээлж гэдэг нь өөр жолоочтой сэлгэхгүйгээр ганцаараа өдөржин ажиллана гэсэн үг. Жолооч нар өдөр бүр 06.00-22.00 цагт ажилладаг. Үүний тулд гэрээсээ 04.00 цагт хүүхдүүдээ унтаж байхад нь гардаг. Харин ажлаа тараад00.00 цагт гэртээ харьдаг гэнэ. Түүний нэг өдөр ингэж өнгөрдөг. Ингээд бодохоор гэр бүлдээ зарцуулах цаг түүнд маш хомс. Харамсалтай нь, тэдний цалин тийм ч хангалттай биш. Сард дунджаар 200 цаг ажиллаж байж цалин нь амьдралд нь хүрэлцэх хэмжээнд очдог байна. Уг нь тэрбээр сард хоёр өдөр амрах хуваарьтай. Гэсэн ч ахиу цалин авахын тулд амарсан үедээ ээлжийн жолоочоор ажилладгаа тэрбээр учирласан.
Жолооч нар өдөр бүр 06.00-22.00 цагт ажилладаг. Үүний тулд гэрээсээ 04.00 цагт хүүхдүүдээ унтаж байхад нь гардаг. Харин ажлаа тараад 00.00 цагт гэртээ харьдаг гэнэ. Түүний нэг өдөр ингэж өнгөрдөг. Ингээд бодохоор гэр бүлдээ зарцуулах цаг түүнд маш хомс. Харамсалтай нь, тэдний цалин тиймч хангалттай биш.
Автобусны жолооч нарт амралтын цаг хомс бөгөөд өглөө 20, өдрийн цайны цагаар 10 минут л амсхийх боломжтой. Жолооч нар хэдэн цаг ажиллаж буйг “Улаанбаатар смарт карт” компанийнхан хянаж, тооцдог. Энэхүү хяналтын явцад өдөржин ажилласан цагийнх нь багагүй хэсгийг хасаж тооцон хөдөлмөрийг нь үнэгүйдүүлдэгийг ч дээрх жолооч хэлсэн. Энэ мэт шалтгаанаар түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс уул уурхайн компаниудад ажилд орохоор явцгаажээ. Ер нь жолоочоор ажилд орсон залуус нэг сар яваад л халширч, гарахаас өөр аргагүй болдог гэнэ.
Нийтийн тээврийн жолооч нарын хэлж буйгаар ажлаас халшрах эхний шалтгаан нь цалин. Удаах нь үйлчлүүлж байгаа зорчигчдын харилцаа, хандлага, авто замын түгжрэл аж. Шинэхэн жолооч нарыг гурав хоног дагалдангаар сургадаг. Мөн дадлагажигчаар гурван сар ажиллуулах журамтай. Ажилд ороод дөрөв хонож буй нэгэн жолооч “Нисэхийн чиглэлд явж байна. Цалин хэдийг өгөхийг нь сайн мэдэхгүй юм. Түгжрэл, хүмүүсийн харилцаа л хамгийн стресстүүлж л байна даа” гэлээ. Өмнө нь дурдсаны дагуу тэрбээр дагалдангаар гурван сар ажиллана. Ингэхдээ үндсэн ажилчидтай ижил эрх, үүрэг хүлээх гэнэ. Түүнийг үндсэн ажилтан болгох, эсэхийг нь гомдол, санал хэр ирснийг харгалзан шийдэх аж.
Жолооч дутагдалтайбайгаагалбаныханхэрхэн “оношилж” буйг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхнаас тодруулахад “Нийслэлд 18 аж ахуйн нэгж 1032 автобусаар иргэдэд үйлчилдэг. Эдгээр байгууллагад 3000 гаруй жолооч бүртгэлтэй. Үүнээс 1887 нь идэвхтэй ажилладаг. Жолооч нарын цалинг ажилласан жил, мэргэшсэн байдлаас нь хамааруулан тогтоодог” гэв. Харин жолооч нар мэргэшсэн жолоочийн нэмэгдэл огт авдаггүйгээ хэлсэн. Зөвхөн шугаманд явсан цагийг нь “Улаанбаатар смарт карт”-ын төхөөрөмжөөр тооцсоноор цалингаа авдаг. Нэг цагийн хөлс нь 10 000 төгрөг юм байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийнхантай холбогдож, жолооч нарын хүрэлцээг лавлахад “Жолооч дутагдалтай байгаа нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж байв. Эсвэл “Мэдээлэл өгч болох, эсэхийг удирдлагуудаасаа лавлая” гээд утсаа тасалж байлаа. Автобусны жолооч нарын хэлснээр жолоочгүйн улмаас “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II авто баазад шинэ 20 гаруй автобусыг үйлчилгээнд гаргаж чадахгүй хадгалж байгаа гэнэ. Үүнийг албаны хүмүүсээс тодруулахад “Тийм зүйл байхгүй” гэж мэлзсэн нь үүсээд байгаа асуудлыг нуун дарагдуулах гэж оролдож байна уу хэмээн хардахад хүргэв.
“Блюбус” компанийн автобусны жолооч Б.Хишигбат “Манай компаниас өдөрт 38 автобус шугаманд явах ёстой ч жолооч хүрэлцдэггүйгээс 30-ийг нь л гаргадаг. Би хоёр өдөр уртын ээлжээр ажиллаад, нэг өдөр амардаг. Өдөрт 14 цаг явлаа гэхэд л 10 цаг ажилласан гэж “Улаанбаатар смарт карт”-аас тооцсон байдаг. Учрыг нь мэдэхгүй юм. Жолооч нарынхаа тоог нэмэхийн тулд цагийн ажилчид авдаг. Тэд өдрийн 100 000 төгрөгөөр ажиллажбайна. Цалин бага, зорчигчдын харилцаа хандлага тааруу тул жолооч нар ажлаас гарах нь элбэг” гэсэн.
Албаны хүмүүс болохоор жолооч нарыг уртын ээлжээр ажиллуулдаггүй гэж байлаа. Ийм тохиолдолд тухайн жолоочийн хүсэлтийн дагуу л зөвшөөрдөг гэв. Тэгсэн ч бодит байдалд таарсан жолооч бүр л уртын ээлжээр ажиллаж буйгаа дурдсан. Албаныхан болон жолооч нарын ярьсан зүйлс хоорондоо ийнхүү зөрчилдсөөр байна. Жолооч хүрэлцээгүйгээс тэд өдөрт 16 цаг ажиллаж байна. Гэсэн ч тэдний ажилласан цагаас хасаж, цалингийн хэмжээг бууруулж буй нь харамсалтай. Цалинг нь л нэмчихвэл асуудал шийдэгдэж, жолооч нарын хомсдол арилна гэж тэд онцолж байлаа.
Өдөр тутамдаа олон цагаар ажиллах нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар долоо хоногт 55 цагаас илүү ажиллах нь эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үр дүн гарсан байдаг. Их ажиллах үед цусанд кортизол даавар ихээр ялгарч, даралт ихсэх, оюун ухааны чадамж буурах зэрэг сөрөг нөлөө ажиглагдаж эхэлдэг. Олон цагаар ажиллахад хамгийн түрүүнд үүсдэг сөрөг нөлөө нь нойрны хямрал. Өдөрт 16 цаг ажиллаж, дөрвөн цаг унтах нь тухайн хүний анхаарал төвлөрөлт, асуудлыг боловсруулж, шийдэх чадварыг илт бууруулдаг. Цаашлаад архаг ядаргаа үүсэх нөхцөл болдог. Бас нэгэн ноцтой нөлөө нь ажлын ачааллаас шалтгаалсан тогтмол бус хооллолт. Хооллох боломжтой үедээ хэмжээгээ хэтрүүлснээр хэт их идэх дуршилтай болно. Үүнээс гадна тогтмол дасгал хөдөлгөөн хийх цаг завгүй болдог. Долоо хоногт 75-150 минут идэвхтэй дасгал хийх нь зүрх, судасны өвчин, чихрийн шижин зэргээс сэргийлнэ. Үүнээс гадна хамгийн гол нь сэтгэл гутралаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн хор хөнөөлтэй нь харилцааны асуудлууд юм. Ялангуяа гэр бүл, ойр дотнын хүмүүсийн харилцаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Ойр дотнын хүмүүстэйгээ эерэг харилцаатай байх нь тухайн хүнийг ганцаардлаас хамгаалж, танин мэдэхүй, ой тогтоолтод нь эергээр нөлөөлж, аз жаргалыг мэдрүүлдэг. Гэтэл хэт их ажиллах нь энэхүү боломжийг үгүй хийж, бусадтай таарч тохирохгүй болгодог. Дээр дурдсан сөрөг нөлөөнүүдээс шалтгаалж архи, тамхийг стресс тайлах, тайвшрах зорилгоор хэрэглэх нь хэвийн цагаар ажилладаг хүмүүсээс илүүтэй байгаа нь тогтоогдсон” гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд нийтийн тээврийн ажилчид, салбарын удирдлагуудтай уулзсан. Засгийн газраас ирэх онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанар, стандарт, хүний нөөцийн хомсдол зэрэг хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэнэ хэмээн тухайн үедээ ярьж байв. Гэсэн ч энэ он дуусахад цөөн хоног үлдсэн атал өөрчлөгдсөн зүйл алга. Харин ч байдал улам дордож, дээр нь “ногоон автобус”-ны хэрэг гарснаар эл салбарынхан иргэдийн итгэлийг алдсаар байна. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Уул уурхайн салбарынхантай харьцуулахад автобусны жолооч нарын цалин бага. Иймээс жолооч нарыг автобус баазууд аргадаж ажиллуулдаг. Ирэх оноос тэднийг гурван сая төгрөгөөр цалинжуулахаар төлөвлөж байна” гэсэн билээ. Энэ бол зөвхөн төлөвлөгөө. Хэрэгжих, эсэх нь тодорхойгүй. Гэсэн ч жолооч нар үүнд ихээхэн хүлээлт, итгэл тавьж буйгаа хэлсэн. Жолооч нарын цалин нь өдгөө дунджаар 1.7-2.5 сая төгрөг гэнэ.
Нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас томоохон нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ юм. Тус компани гурван авто баазтай. Жолооч нарын хэлсэн зүйлсийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн 3-4 жил жолооч дутмаг байна. Жолооч нар “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд ажиллахаар явчихдаг. Өнгөрсөн хавар тус байгууллага ажилчдаа цомхотгосон. Ингэснээр нийтийн тээвэрт ажиллах хүний тоо нэмэгдлээ. Ээлжийн жолооч нь чөлөө авсан тохиолдолд нөгөө ээлжийн жолооч уртаар ажиллах хүсэлт тавих ёстой. Манайд уртын ээлжээр олон хоног ажилладаг жолооч байхгүй” гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд ажиллавал цалин нь сарын 3.5-5 сая төгрөг. Энэ нь нийтийн тээвэрт ажиллахаас хоёр дахин өндөр дүн юм. Жолооч нар голдуу том оврын ачаа тээврийн автомашин, механизм жолооддог аж.
Нийслэлийн нийтийн тээвэрт ирэх оны нэгдүгээр сараас парк шинэчлэл хийж, 600 автобус оруулж ирэхээр болоод буй. Гэсэн ч өнөөгийн нөхцөл байдал нь тэдгээр автобусыг жолоодох хүн байхгүй гэж “хэлээд” байгаа. Тэгвэл эдгээр автобус орж ирэхэд жолооч нарынхомсдолыгхэрхэннөхөхийгтодруулахад нийслэлийн Нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Үүрийнсолонго “Эдгээр автобус орж ирснээр ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс гаргана. Тэгэхээр 600 автобус орж ирлээ гээд нэмж жолооч хэрэгтэй болно гэсэн үг биш. Нийт тээврийн хэрэгслийн 40-50 хувь нь ашиглалтын хугацаа дуусчихсан ч үйлчилгээнд явуулсаар байна. Автобусны ашиглалтын хугацаа 11 жил байдаг” гэсэн юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн