Монголын бүх ард түмний спортын XV наадам өчигдөр өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө спортын 26 төрөлд (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа) өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Сүүлийн өдөр болсон спорт бүжгийн шигшээ тэмцээнд 10 багийн 34 тамирчин латин, стандарт төрлөөр өрсөлдсөн. Тэднээс Баянгол дүүргийн О.Намсрай, Т.Нандин-Эрдэнэ (латин), Хан-Уулын Ч.Анхбаяр, Б.Номуун нар (стандарт) түрүүлж, алтан медаль зүүв. Спорт бүжгийн төрөл тус наадмын хөтөлбөрт 2012 онд анх багтжээ. Багийн нийлбэр дүнгээр Баянгол дүүргийнхэн I байр эзэллээ. Волейболын тэмцээнд эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөөх тоглолтод Р.Тамираа дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг, эмэгтэйчүүдээс Б.Даринчулуун дасгалжуулагчтай Хэнтий аймгийнхан хошуучилсан байна. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Сүхбаатар аймаг, эмэгтэйчүүдийнхэд Баянзүрх дүүргийн тамирчид тэргүүлж, медалийн тавцанд зогсов.
Бүх нийтийн спартакиадад багийн нэгдсэн дүнгээр нийслэлээс Баянзүрх дүүрэг 101 (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), орон нутгаас Хэнтий аймаг 49 (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) медаль хүртэж, тэргүүн байрт шалгарлаа. Тэгвэл клуб, байгууллагуудаас “Алдар” спорт хорооныхон 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлж, шилдэг тамирчидтай гэдгээ энэ удаа ч батлан харуулав. Уг наадмын анхан шатны тэмцээн өнгөрсөн гуравдугаар сард гурван үе шаттай орон даяар өрнөсөн юм. Тэгвэл шигшээ тэмцээнүүд нь энэ сарын 9-нөөс эхэлж, ийнхүү өндөрлөлөө.