“Road to one 2022” тэмцээнийг “Steppe link holding” компани “Road to оne Mongolia” төслийн хүрээнд “Монгол HD” телевизтэй хамтран албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулах нь. Үзэгчид уг тэмцээний реалити шоу нэвтрүүлгийн 10 ангийг тус телевизээр энэ сарын 18-наас ирэх арваннэгдүгээр сарын 20 хүртэл үзэх юм.“One championship” холбооноос зохион байгуулдаг “Road to one” тэмцээн нь Азийн орнуудад тулааны урлагийн шинэ залуу тамирчдыг нээж, дэлхийд таниулах зорилготой. Одоогоор Зүүн өмнөд Ази болон Азийн 10 гаруй улсад зохион байгуулаад буй. Нэвтрүүлгийн гол зорилго нь эр зориг, овсгоо самбаа, хатуужил тэсвэрээр хүндхэн сорилтуудыг даван туулсан тамирчдыг тулааны талбарт ур чадвараар нь өрсөлдүүлж, дэлхийн холимог тулааны дэвжээнд Монгол Улсын нэрийг гаргах шилдэг нэг тулаанчийг аваргаар тодруулах юм. Монголын шилдэг тамирчдаас дэлхийн тулааны тайзанд өрсөлдөх эрхийн төлөөх гал гарсан тулаан “Степпа арена”-д ирэх сарын 25-26-нд болно. Өнгөрсөн пүрэв гарагт 100 мянган ам.долларын шагналын сантай “Road to one Mongolia” холимог тулааны тэмцээн Монголыг дэлхийд таниулах талаар төслийг санаачлагч, зохион байгуулагч, мөн шүүгч, шоу нэвтрүүлгийн арын албанд ажилласан уран бүтээлчид мэдээлэл хийж, сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Road to ОNE Mongolia” төслийн удирдагч Д.Золбоо
“Road to one Mongolia” төслийн удирдагч Д.Золбоо “Дэлхийд байдаг хоёр том тулааны холбооны нэг нь “One championship”. Бид “One championship” холбооны албан ёсны Монгол дахь лизенц, Төв Азид өрсөлдөх эрхийг 2021 онд авсан. Дэлхийн жишиг холимог тулааны холбоог эх орондоо оруулж ирэх, шилдэг тамирчдыг бэлтгэн дэвжээнд гаргах зорилгоор уг төслийг анх эхлүүлсэн юм. Тэмцээний реалити шоу нэвтрүүлэг энэ сарын 18-наас гарч эхэлнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 25-26-нд болох тэмцээнд шилдгээр тодорсон ялагч тус холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхтэй болно. Энэ нь тухайн тамирчны амьдралыг өөрчлөх гэрээ юм. Хэрэв цаашид сайн байвал олон байгууллага ивээн тэтгэх боломж бий. “One championship” нь бөхийн төрлүүдээс гадна тулааны олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг спортын менежментийн компани. Монголын тамирчид дэлхийн хэмжээний шилдгүүдтэй өрсөлдсөнөөр мэргэжлийн тулаанч болох төдийгүй аваргын бүс, дэлхийн аваргын төлөө тоглох боломжтой. “One championship”-д Монголоос Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг анх тулалдаж аварга болсон. Түүнээс хойш манай тамирчид аварга болоогүй. Тиймээс шилдэг тулаанч бэлтгэж, аварга төрүүлэхээр зорьж буй. Уг тэмцээнд бөхийн болон тулааны төрлөөр хичээллэж, олон улсын талбар, дэлхийн дэвжээнд амжилт гаргасан тамирчдыг оролцуулахыг зорьсон. Тэднээс 61, 66 кг-ын жинд шалгаруулалт хийж 40-ийг нь сонгосон юм. Тэд эх орондоо мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдсэн тамирчин. Реалити нэвтрүүлгээ олонд хүргэж, холимог тулааны талаар ойлголттой болсон үед эмэгтэйчүүдийг ч гэсэн оролцуулах бодол бий” хэмээн ярилаа.
“Steppe link holding” компанийн захирал Ц.Мөнхтүвшин
“Steppe link holding” компанийн захирал Ц.Мөнхтүвшин “Бид холимог тулааны томоохон холбоо болох “UFC”, “One champion-ship”-ийг Монголд оруулж ирэхийг олон жил мөрөөдсөн. Манай компанийн хувьд аз таарсан гэж хэлж болно. Энэ бол 2019 онд болсон үйл явдал. Тухайн үед Бээжинд Казахстантай Монгол Улс өрсөлдсөнөөр эх орноосоо “Steppe link holding” компани ялж эрх авсан юм. “One championship” холбоо ямар үйлчилгээ, бизнес харилцаатай ажиллах, цаашид хэрхэн бодлого, хөгжүүлэлт хийх гэр зэргээр судалсны эцэст биднийг сонгосон. Залуус хичээллэдэг спортынхоо давуу талыг реалити шоу нэвтрүүлэг, финалын тэмцээнээр олонд харуулна. Бид тус холбооныхонтой байнга холбоотой харилцдаг. Саяхан ирэх гурван жилийн төлөвлөгөөгөө ярилцлаа Энэ нь Монголын аялал жуулчлал, бизнес, спортын салбарт дэм болох нэг гүүр юм. 2023 онд Төв Азийн таван улсад зохион байгуулах эрх авсан. Энэ удаагийн тэмцээн хойшид олон улсад зохион байгуулах тулаанд том маркетинг болох байх. Цаашид олон улсын тэмцээн болон өргөжиж, Монголын тамирчид хоорондоо бус дэлхийн тулаанчидтай өрсөлдөх юм. “Степпа арена” дэлхийн стандарт нийцсэн байгууламж. Тиймээс спортын олон үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой. Энэ шугамаар бид тус холбооныхонтой хоёр жил хэлэлцэж, ярилцсаны эцэст Монгол Улс шалгарсан ” гэв.
О.ПҮРЭВ: НАДТАЙ ТУЛАЛДАХ ТАМИРЧНЫ НЭРИЙГ УДАХГҮЙ ЗАРЛАХ БАЙХ
Төслийг танилцуулах арга хэмжээний үеэр “Ардын хүү” нэрээр олонд танигдсан тулаанч О.Пүрэвтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр улаан багийн ахлагч.
-Та ”One championship” холбооноос зохион байгуулсан тулаанд оролцсон тамирчдын нэг. UFC, ”One сhampionship” холбооны ялгарах онцлогийн талаар уншигчдад сонирхуулаач.
-UFC холимог тулааны анхны том холбоо, олон жилийн түүхтэй. ”One championship” нь Азийн орнуудаас Сингапурт төвтэй. Үйл ажиллагаа явуулаад 10-аад жил болж байна. Тус холбоо тамирчдыг холимог тулаан, бокс болон бөхийн төрлүүдээр тулалдуулж хамгийн шилдгийг нь аваргаар шалгаруулдаг. Тэгвэл UFC холбоо зөвхөн холимог тулаанаар дагнадаг юм. Энэ холбооны тэмцээнд зөвхөн аваргууд л тулалдана. ”One championship” холбооны тэмцээн дэлхийн стандартад нийцсэн зохион байгуулалттай. Тамирчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж, эмчийн үзлэгт бүрэн хамруулж, бүх шинжилгээг авдаг. Тулаанчдын зураг авалтын ард өндөр ур чадвартай багийнхан ажиллана. Тиймээс тус холбооны тулаанд оролцох нь тамирчдын хувьд нэр төрийн хэрэг байдаг юм.
-Монголд холимог тулаан эрчимтэй хөгжиж байна. “Road to one-2022” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсон нь олны сонирхлыг татаж байгаа нь анзаарагдлаа.
-Монголд холимог тулааны спорт хөгжөөсэй гэж их боддог байлаа. Олон жил мөрөөдсөн хүсэл минь биелсэнд баяртай байна. Холимог тулаан бүх спортын ноён оргил. Бид дайчин, тулаанч ард түмний үр сад. Монголоос эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд хөнгөн жинд дэлхийд түвшинд гарах тамирчин төрөх боломж бий. Намайг анх хичээллэхэд хүмүүс холимог тулааны талаар өнөөгийнх шиг ойлголтгүй байлаа. Одоо үүнийг мэдэхгүй хүн ховор болсон. Финалын тэмцээнд тулалдах тамирчдын эр зориг, ур чадвар нийгэмд эерэг үр дүн авчрах болов уу.
-Тамирчдын тулааныг 61, 66 кг-ын жинд зохион байгуулна гэл үү?
-Тийм ээ. Би “One championship”-ийн төв холбоонд тулалддаг. Тиймээс тус холбоог төлөөлсөн тамирчин гэдэг утгаар тэмцээний реалити шоу нэвтрүүлгийн улаан багийн ахлагчаар оролцсон. Одоогоор хоёр жинд тус бүр дөрвөн тамирчин үлдсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 25-26-нд болох тэмцээнд шилдгээр шалгарсан нь дээрх холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах юм. Аварга тодрох тэмцээнийг тус холбооны шүүгчид Монголд ирж шүүнэ. Тамирчид тус холбоотой жилийн гэрээ байгуулдаг. Дэлхийн том холбоонд тулалдана гэдэг эх орноо олон улсад сурталчлах гүүр юм.
-Манайд мэргэжлийн тамирчидтай тулалдах хэмжээний тулаанч бий юү?
-Бид тийм тамирчныг бэлдэнэ. Залуус авьяас, ур чадвар, мэдрэмж, тулалдах техник, онцлогийг реалити шоу нэвтрүүлгээр харуулна. Шилдгийн шилдгээр шалгарсан тамирчид Монголдоо олны танил болохоос гадна дэлхийн том холбоонд тулалдах боломж нээлттэй болно. Хойшид болох тэмцээнийг 2023 оноос Монгол туургатны дунд зохион байгуулах юм.
-Таны дараагийн тулаан хэзээ болох вэ?
-Миний тулааны талаар “One championship” холбооныхон ярилцаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр надтай тулалдах тамирчин Монголд ирэх болов уу. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Түүний нэрийг тус холбооноос удахгүй зарлах байх. Би 2014 оноос хойш есөн удаа ялсан үзүүлэлттэй. Холимог тулааны хөнгөн жингийн Монгол Улсын аварга цолтой. Би 2007 онд тулааны урлагт хөл тавьж, Ж.Нарантунгалаг багшийн удирдлагад хичээллэсэн. 2011 оноос өнөөг хүртэл холимог тулаанаар дагнаж байна.
Х.АМАРТҮВШИН: “ONE CHAMPIONSHIP” ХОЛБООТОЙ ТОМ ЗҮЙЛ ЯРЬСАН
“Ширэн бээлий” клубийн тулаанч Х.Амартүвшин тус тэмцээний реалити шоу нэвтрүүлгийн цэнхэр багийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Шилдгүүдээс шилдгийг шалгаруулж авах сорил тэм цээний шалгаруулалт таны хувьд хэр сонирхолтой байсан бэ?
-Миний хувьд цэнхэр багт 20 залууг сонгож авах хүндхэн даалгавар байлаа. Манай багт надаас гадна гурван дасгалжуулагч бий. Тус багт өндөр шалгуур давсан шилдгүүд үлдсэн. Бид хөнгөн жинд 57, 61 кг-д тулалддаг шилдэг тамирчдаар багаа бүрдүүлсэн. Тэд кик бокс, муай тай, холимог тулаан, байлдааны самбо, бөхийн төрлүүдээр хичээллэдэг. Улаан, цэнхэр багийнхны аль нэгээс дэлхийн тулааны шоунд оролцох шилдэг тамирчин ялагчаар тодорно. “One championship” холбоо тухайн улсаас ямар жинд тамирчин сонгож авахаа шийддэг. Монголын тамирчдыг судалж энэ удаа 61, 66 кг-д хөнгөн жингийн ангилал сонгосон. Тамирчид тулааны талбарт амьд үлдэхийн тулд сурсан бүх зүйлээ гаргах ёстой. Спортод амжилт гаргахад тодорхой хугацаа зарцуулдаг. Тэдэнд богино хугацаанд шинэ зүйл заавал цаг алдана. Тиймээс тамирчдаа хичээллэдэг спортынх нь суурь, онцлог, техникт нь тулгуурлаж бэлтгэл хийлгэж байгаа.
-Спорт сонирхогчид таны дараагийн тулаан хэзээ товлогдох бол гэж хүлээж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Гадаадын томоохон холбоонд тулалдахад жижиг орнуудын тамирчдын үнэлэмж бага байдаг. Миний хувьд “One championship” холбоотой том зүйл ярьчихсан байгаа. Товчхон хэлбэл, Америкийн жишгээр. Тэд ирэх арваннэгдүгээр сард миний саналыг хүлээж авбал Монголд сонирхолтой тулаан өрнүүлэхээр төлөвлөж байна. Миний хувьд дэлхийн шилдгүүдээс нэгийг нь нэрлэсэн. Түүнийг Эдди Альварес гэдэг. АНУ-ын холимог тулааны тамирчин. Тэрбээр намайг хэрхэн хүлээж авахыг одоогоор таашгүй. Түүний амжилтын тухай өгүүлбэл миний өвөг дээдэс л гэсэн үг. Би олон улсад 15 удаа тулалдахдаа 12 ялж, тав хожигдсон амжилттай.
-Спортын ямар төрлөөр хичээллэж, амжилтын гараагаа эхлүүлэв?
-2008 оноос холимог тулаанаар хичээллэсэн. Байлдааны самбогийн ДАШТ-д оролцохыг хүсэж, тулааны спортод хөл тавьж байлаа. Би жүдогоор спортын сууриа тавьсан ч барилдах сонирхолгүй. Надад байгалиас заяасан хурд бий гэж боддог. Хурдаа ашиглаж, тулааны сонирхолтой техникүүдийг харуулахыг зорьдог юм. Тулааны спортод хөл тавихдаа олон шүүмжлэлтэй тулгарсан. Гэрийнхэн ч дуртай хүлээж аваагүй. Аав, ээж “Тулалдсанаас бөхөөр хичээллэж барилд” гэдэг байв. Тулааны спорт хүмүүсийн боддог шиг амар зүйл биш. Нарийн дэг жаягтай. Тууштай хичээллэвэл тухайн тамирчны амьдралыг ч өөрчилж чаддаг. Тамирчид сурсан эрдмээ зөвхөн тулааны талбарт гаргадаг. Би аав хүн. Үр хүүхдэдээ үлгэр дуурайлтай амьдрах ёстой. Миний хувьд дүү нартаа энэ талаар захиж зөвлөдөг. Л.Занданхүү багш минь “Та нар гудамжинд хонь шиг байж, тулааны дэвжээнд гарахдаа арслан барс шиг байгаарай” гэдэг юм. Сүүлийн үед холимог тулаан эрчимтэй хөгжиж, мэргэжлийн багш нар бэлтгэгдэж байна. Би бэлтгэлийнхээ хажуугаар “Ширэн бээлий”, “One team” клубт багшилдаг.
-Таны шинжсэнээр бол тулаанч болох хүүхдүүд өөр байдаг биз?
-Тэд хурдан хөдөлгөөнтэй, юманд эв дүйтэй, сэргэлэн. Миний анзаарч харснаар адтай, хоржоонтой, зүйрлэвэл “өрөмний өт” шиг хүүхдүүд холимог тулаанаар хичээллэхэд тохирдог. Тийм хүүхдийг аав, ээж, багш нь сахилгагүй гэж дүгнээд хүмүүжүүлэх гэж их үздэг. Уг нь төрөлх зан чанараар нь байлгаж, тулааны спортоор хичээллэхэд нь дэмжээд өгвөл амжилт гаргана. Манайх хоёр хүүхэдтэй. Би амжилт гаргахын тулд саад бэрхшээлтэй багагүй тулгарч, зовлон, жаргалыг нь биеэрээ туулж яваа тул хүүхдүүдээ тулааны спортоор хичээллүүлэхийг хүсдэггүй.