Сербийн Белград хотод үргэлжилж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д Монголын тамирчид зодоглож байгаа. Эмэгтэйчүүдээс Д.Отгонжаргал тэмцээний салхийг хагалж, 50 кг-д эхний барилдаанд Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Иммаеваг, дараа нь ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний А.Вукийг цэвэр ялж хагас шигшээд шалгарав. Улмаар дэлхийн аваргын хошой мөнгө, олимпын хүрэл медальт АНУ-ын С.Хилдебрандтыг 6:2-оор илүүрхэж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Ю.Сүсакитай барилдах тэрбээр Норвегийн Ослод зохион байгуулсан ДАШТ-ээс хүрэл медаль атгасан юм. Тэгвэл ДАШТ-д анх удаа оролцсон Б.Хулан эхний тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн В.Погатыг 7:0, дараагийнхад дэлхийн мөнгө, хүрэл медальт, Казахстаны Ж.Эшимоваг 3:0, Азербайжаны Л.Гурбановаг 4:1-ээр хожсон юм. Хагас шигшээд Б.Хулан Европын болон залуучуудын дэлхийн аварга, Шведийн Э.Малмгренд 2:6-гаар хожигдож явсан ч цэвэр ялснаар алтан медалийн төлөө АНУ-ын Д.Пэрриштэй хүч үзэхээр учраа таарчээ. Аваргын төлөөх барилдааны дүн өнөөдөр гарна.