Нийслэлийн томоохон зах, худалдааны төвд 2020 оны зургадугаар сарын эхний 10 хоногт байцай болон монгол лууван кг нь 2500, сонгино 3000, хүрэн манжин 5000 төгрөгийн үнэтэй байжээ. Чинжүүг нэг кг-ыг нь 5000-5500, төмсийг 2000, монгол өргөст хэмхийг 8000-9000, улаан лоолийг 8000 төгрөгөөр борлуулж байж. Түүнчлэн салатны навчийг кг-ыг нь 8000-10 000, цэцэгт байцайг 8000, шар манжинг 7000 төгрөгөөр зарж байсныг тухайн үед манай сонин сурвалжилжээ. Эндээс харахад сүүлийн хоёр жилд хамгийн өндөр дүнгээр өссөн ногоонд байцай багтлаа. Тодруулбал, үнэ нь хоёр дахин, бусад ногооных дунджаар 60 орчим хувиар өссөн байна. Харин өнгөрсөн жилийн энэ үеийнхээс бүх төрлийн ногоо, жимсний үнэ дунджаар 50 хувиар нэмэгдсэнийг статистикаас харж болох нь. Хүнсний ногооны үнэ, иргэдийн сэтгэгдэл, худалдаачдын байр суурь ямар байгааг бид сонирхлоо.
“Хүнс, ногооны үнэ тэнгэрт хаджээ. Манайх “Цонжин болдог”-ийн ойролцоо амралтын газар ажиллуулдаг. Жимс, жимсгэнэ, хүнсний болон нарийн ногоог долоо хоног бүр багагүй хэмжээгээр худалдан авдаг. Гэтэл энэ хавар ялангуяа хүнсний ногооны үнэ долоо хоног тутам тасралтгүй нэмэгдлээ. Бөөний худалдааны төв “Барс”-д төмс кг нь 2200, лууван 2800, байцай 5000, ногоон сонгино 2500, бөөрөнхий сонгино болон шар манжин кг-ыг нь 3000-4000-аар үнэлж. Бараг үндсэн хүнс гэж болох төмс, манжин, байцай, сонгино ийм үнэтэй байхад нарийн ногооных өндөр байх нь ойлгомжтой. Бөөнөөр буюу 50 кг-аас дээш хэмжээгээр авбал кг тутамд нь 100-200 төгрөг хямдруулдаг ч бидэнд үнэтэй тусаж байна. Бид материалын зардлаа “шингээж” хоолны үнийг тогтооно шүү дээ” гэж “Барс” төвөөр үйлчлүүлж байгаа нэгэн ярилаа.
“Барс” нь импортын, эсвэл орон нутгаас татан авдаг ногоо, хүнсний бүтээгдэхүүний худалдааны төв. Тэнд ногоо бөөндөж зардаг, Сэлэнгэ аймгийн иргэн Ч.Г-ээс хүнсний ногооны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулахад “Намраас хавар хүртэл зоорь ашигласны төлбөр, шатахууны зардал зэргийг нэмээд хавар борлуулж буй ногооныхоо үнийг тогтоодог. Хоёр жилийн өмнө зооринд нэг кг хүнсний ногоог сар хадгалуулахад 100 орчим төгрөг зарцуулж байсан бол энэ өвөл кг тутамд нь 200-300 төгрөг төлсөн. Зоорийн багтаамж тааруугаас үнэ нь өсөөд байгаа гэж ойлгож болно. Манайх 8000 гаруй кг ногоог таван сар орчим хадгалуулах зардалд 9 000 000-аас илүү төгрөг төлсөн. Гэтэл зоорь нь зориулалтын бус шахам учраас агаарын солилцоо тааруу, чийгшил хангалтгүйгээс 600 кг орчим ногоо хорчийж, муудан, идэх аргагүй болсон. Ингээд бодоход харин ч ногоогоо хямд зарж байна. Ер нь тарьж ургуулж, арчилж тордон, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийнхээ үнийг бид өөрсдөө тогтоох нь зөв биз” хэмээв.
Баянгол дүүргийн “Таван эрдэнэ”, Чингэлтэйн “Алтжин бөмбөгөр” худалдааны төв өнгөрсөн бямба гарагт хөл ихтэй байлаа. Тэдгээр захад шинэ ургацын өргөст хэмх кг нь 10 000-11 000, улаан лооль 10 000, салатны навч 15 000, цэцэгт байцай 14 000, амтат чинжүү 8000 орчим төгрөгийн үнэтэй байсан юм. Төмсийг 2500, лууванг 3000, байцайг 5000, монгол сонгиныг кг-ыг нь 4500 төгрөгөөр борлуулж байсан бол алим, лийр, жүржийг 8000-12 000, усан үзэм, мангог 20 000-аар үнэлжээ. “Алтжин бөмбөгөр”-т хүнсний ногоо борлуулагч М.Амарсайхан “Ногооны нийлүүлэлт хэвийн, үйлчлүүлэгч цөөнгүй ч бүтээгдэхүүний үнэ өндөр байгаад бухимдсан хүн олон. Гэхдээ дөрвөн долоо хоногийн өмнө нэг кг байцай 6500 төгрөг байсныг бодоход өнөөдөр 5000-д хүрч. Гол нь нийлүүлэлт тасалдахгүй бол ногооны үнэ хямдардаг үе ирж байна” гэв. Харин нарийн ногоо борлуулагч нэгэн “Салатны навч, цэцэгт байцай болон бусад навчит ногооны үнэ миний мэдэхээр сүүлийн гурван жил кг тутамдаа сар бүр л 300-400 төгрөгөөр нэмэгдсээр өдгөө дунджаар 15 000-д хүрсэн. Урд хөршөөс тээвэрлэлт тасраагүй, дотоодын нийлүүлэлт ч хэвийн байхад үнэ огт хямдрахгүй байна. Энэ нь иргэдийн хэрэглээ их, эрэлт өндөр байгаатай холбоотой. Манайх долоо хоногт хоёр удаа ногоогоо захиалж аван кг тутамд нь 200-300 төгрөг л нэмж борлуулдаг” гэсэн юм. Тэгвэл дээрх захаар үйлчлүүлж байсан Г.Мөнхтуяа “Ногооны үнэ арай дэндүү өндөр байна. Ганц бөндгөр байцаа худалдан авахад 10 000 төгрөгөөс давж байгаа нь дэндүү хөөрөгдсөн хэрэг. Хил, гаалиар оруулж ирж буй ачааны зардал, шатахууны ханш өслөө гээд бүх төрлийн хүнс, үйлчилгээний үнийг худалдаачид нь нэмдэг. Гэтэл ачаа эргэлт хэвийн болж, шатахуун хямдарсан ч бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулдаггүй жишиг манайд тогтсон. 1-2 жилийн өмнө 100 000 төгрөгөөр сарынхаа хүнсийг цуглуулдаг байсан бол өнөөдөр (өнгөрсөн бямба гараг) хонины нэг хаа, хоёр бөөрөнхий байцай, нэг литр ургамлын тос, таван кг будаа аваад 100 000 төгрөг дууслаа. Нарийн ногоо, жимсний талаар бодох ч хэрэг алга” хэмээн гомдоллов. Ер нь жил бүрийн өдийд бүх төрлийн ногооны үнэ өсдөг үе гэнэ. Учир нь амралт, сувилал, жуулчны баазуудын үйл ажиллагаа идэвхжин, хоол үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгддэг аж.
Манай орон төмсөө 100, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодоос хангадаг. Харин нарийн ногоо, жимс, жимсгэнийг ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй улсаас худалдан авдаг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд төмс 250 000, хүнсний ногоо 120 000 тонныг хураан авсан нь 2020 оныхоос дунджаар 20 хувиар өссөн дүн болжээ. Хүнсний ногооны нийт ургацад байцай 20, лууван 34, шар манжин 22, сонгино ес, саримс нэг, хүрэн манжин 0.5 орчим хувийг эзэлдэг аж. Нарийн ногооны нийлүүлэлтийг өсгөх зорилгоор хүлэмжийн хэмжээг сүүлийн таван жилд, жил бүр найм орчим хувиар нэмэгдүүлсээр 2020 оны байдлаар 280 000 ам метр талбайгаас 5000 гаруй тонн ургац авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэлд дурджээ. Түүнчлэн Засгийн газраас хүнсний нийлүүлэлтийг өсгөх зорилгоор ирэх намар нийлүүлэх хүнсний ногооны нэг тонн тутамд 100 000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан “Манайх сүү, цагаан идээний 27, гурилан бүтээгдэхүүний 38, хүнсний ногооны 38, цөцгийн тосны 67, ургамлын тосны 99 хувийг импортолдог. Эдгээрийг болон бусад хүнс, сав баглаа боодол худалдан авахад зөвхөн 2021 онд 962 сая ам.доллар буюу 2.7 их наяд төгрөг зарцуулжээ. Ер нь жилд дунджаар 2.5 их наяд төгрөгөөр хүнс худалдан авдаг. Тиймээс жил ирэх бүр хүнсний болон газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг өсгөхөд анхаарч, шаардлагатай зээл, тусламж үзүүлсээр байгаа. 2030 он гэхэд импортын гол нэрийн 10 гаруй хүнсийг дотооддоо үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ, гурил, мах, төмсний экспортлогч болно” гэсэн юм. Эндээс харахад салбарын яамнаас хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөлийг арилгах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авч буй ч улирлын чанартайгаар, эсвэл суурь үнэ нэмэгдсэний улмаас бараа, бүтээгдэхүүний ханшийн хөөрөгдөл үүсэн, иргэдэд дарамт учруулсан хэвээр.