Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдаж, агаарын бохирдлын асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Иргэн Б.Мөнгөнхишиг “Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая” хэмээх нийтийн өргөдлийг цахим санд байршуулсан нь хуульд заасан тоо хэмжээнээс 1140-өөр илүү буюу 71 440 хүний санал авсан тул УИХ-ын дарга уг асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр дээрх байнгын хороонд шилжүүлсэн юм. Тэгвэл холбогдох байнгын хорооны гишүүд утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, шаардлагатай мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь зүйтэй гэж үзлээ.
Агаарын бохирдлын асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлах бол бүрэлдэхүүнд нь Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Б.Найдалаа нарын 18 гишүүн багтжээ. Уг сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, нээлттэй, ил тод байх, нийтийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтлахыг олон нийт ажлын хэсгээс шаардаж байна. Ташрамд дурдахад, “Монголын залуучуудын эвсэл”-ээс Монголын хуульчдын холбоо болон “Онч шийдэл” төрийн бус байгууллагынхантай хамтран, агаарын бохирдлын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ил тод байдал, хяналтыг сайжруулах, хариуцлага нэхэх чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж буй аж. Нэн түрүүнд “Ээжүүдийн бүлэг” үүсгэж, өнгөрсөн хугацаанд эм, эмчилгээ, эмнэлгийн төлбөрт зарцуулсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Засгийн газарт “хаяглан” шүүхэд гаргахаар болсноо мэдээлэв.