хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим нээлээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим байгуулжээ. Тус танхимыг өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Хавдраар өвчилсөн хүүхдүүд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байдаг тул хичээлээс завсардах, хоцрох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс уг сургалтын танхимыг байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийнхөн хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам нээлтийн үеэр онцлов
2024-02-19
Орон нутгийн замыг нээж эхэлжээ
Цасан шуурганд үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтарын тушаалаар нийслэлээс гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал, энэ сарын 17-ны 18.00 цагаас маргаашийнх нь 11.00 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Түүнчлэн орон нутагт ч цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зарим аймаг, сумын төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоожээ
2024-02-19
Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
2024-02-19
Согтуурал хэмжих багаж авах хөрөнгөөс завшсан ИТХ-ын даргыг шүүхэд шилжүүлэв
Орон нутгийн удирдах албан тушаалтнууд төсвийн болон хандивын хөрөнгөөс ямар нэг арга сүвэгчлэн завшиж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюушид холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхдээ шилжүүлжээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт сум дахь Цагдаагийн хэсэгт драгер буюу согтуурал хэмжих багаж авах төсвийг нь баталсан гэнэ. Улмаар “Буянт Ундрах шим” гэх компанитай уг багажийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг нь түүндээ “Alcotest 7510” загварынхыг авахаар болсон аж. Гэвч хямд үнэтэй “Alcotest 6820” загварын багаж хүлээн авч, зөрүү мөнгийг нь завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна
2024-02-19
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ганцхан хоногийн дотор 100 000 гаруй мал хорогдлоо
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас энэ сарын 14-нд гаргасан. Учир нь энэ сарын 10-ны байдлаар манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, талаас илүү хувь нь зудад өртсөн байв. Гэтэл энэ сарын 16-наас цаг агаар дахин муудсанаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрлээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-19
Говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-02-19
Хөвсгөлийн Улаан-Уул суманд шинэ сургууль ашиглалтад орно
Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.
2024-02-18
Сураггүй алга болсон 3 хүнийг эрэн хайж байна
Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон 9 дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 6 иргэнийг эсэн мэнд оллоо. Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-17
Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олжээ
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-17
Архангай, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий чиглэлд хүчтэй шуурна
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-02-17