2024 оны хоёрдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа.
Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж, халтиргаа гулгаа нэмэгдэн, зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран, машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгуулжээ.
Албаныхны хэлж буйгаар "Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө нэмэх градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна. Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна" гэв. Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.
Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.