Нийслэл энэ оны зургаадугаар сард 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Дотоодын хөрөнгийн зах зээлд арилжсан үнэт цаасны хөрөнгийн 60 орчим хувийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхэд зарцуулж, үлдсэнээр нь авто зам, ариутгах татуурга, үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга, байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөө хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлж байв. Гэвч эдгээр ажлын үйл явц, үр дүн тодорхой бус байгаа, санхүүжүүлсэн ганц томоохон төсөл нь эхний шатаа ч давалгүй саатчихсан энэ үед Улаанбаатар хот 500 сая ам.долларын буюу үүнээс гурав дахин их хэмжээний мөнгө (1.7 их наяд төгрөг) төвлөрүүлэх бонд гаргаснаа зарлалаа. 17.2 хувийн хүүтэй эхний бондыг дотоодын зах зээлд, олон нийтэд санал болгон арилжсан бол энэ удаагийнхыг 2027 оны наймдугаар сард 7.75 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр, хаалттай хүрээнд гаргасан гэнэ. Хугацаа алдах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас зайлсхийж, мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс хаалттай хэлбэрээр гадаад бонд гаргасан гэж хотын захирагч ярьсан байх юм. Нийслэлийн ИТХ-аас ямар шийдвэр гаргаж, яагаад ийм богино хугацаанд өндөр хүүтэй бонд яаравчлан гаргах болсон нь ч олон нийтэд оньсого шиг үлдэв.
“Улаанбаатар хот олон улсын жишгээр санхүүжилтийн шинэ механизм бий болгож, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нөхцөл бүрдүүллээ” хэмээн нийслэлийнхэн хөл хөөр болж байна. Харин хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, ойлголттой хүмүүс үүнийг “нүд рүүгээ хуруугаа хийсэн” шийдвэр хэмээн шүүмжилж эхэллээ. Санхүүгийн сахилга бат, хатуу чанд тогтолцоогүй манайх шиг оронд төрөөс бонд босгож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь үрэлгэн зардлыг нэмэгдүүлж, өр “үйлдвэрлэх”-ээс хэтрэхгүйг эдийн засагчид анхааруулж байна. Бондын эх үүсвэрээр санхүүжүүлсэн эхний ажлуудынхаа үр өгөөжийг ч хүртээгүй, тооцоогүй байж өөр зориулалтаар дахин үнэт цаас гаргах нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болох эрсдэлтэйг ч сануулж буй.
Бонд гэдэг бол тодорхой хугацааны дараа эргэн төлөх нөхцөлтэй өрийн бичиг юм. Үүнийг татвараар буюу та, бидний хөдөлмөрлөж олсон, халааснаас гарсан мөнгөөр л төлдөг. Хэдийгээр хотын дарга Х.Нямбаатар “Энэ мөнгийг “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулахад бүхэлд нь зарцуулна. Үүний хүрээнд чөлөөлсөн газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын өрөө төлнө” хэмээн ерөнхий зүйл ярьсан ч үүнийг чухам ямар байдлаар, хэрхэн зарцуулж, яаж төлөхөөр төлөвлөж байгаа талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгсөнгүй, бүтээн байгуулалтын ажлынхаа нарийн төлөвлөгөөг ч танилцуулсангүй. Хөрөнгө оруулалт шуурхай татдаг ч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт сул, биржийн бус зах зээлд ийм хэмжээний үнэт цаас гаргасан нь анхаарал татаж байна. Эцсийн дүндээ энэ их өр төлбөр татвар төлөгчдийн нуруун дээр л ачаа болж ирэх нь гарцаагүй. Угаасаа тэд “аахилах” дүр үзүүлж, ачааны хүндийг бидэнд үүрүүлж ирсэн билээ.
Н.ГАН