Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим байгуулжээ. Тус танхимыг өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Хавдраар өвчилсөн хүүхдүүд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байдаг тул хичээлээс завсардах, хоцрох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс уг сургалтын танхимыг байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийнхөн хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам нээлтийн үеэр онцлов. Тус төвд хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах аж.
Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-өөс санал тавьсны дагуу манай төвийнхөн хүүхдүүдэд багшлахаар болсон юм. Үүний хүрээнд хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт сургалт явуулахаар төлөвлөлөө. Бид ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тусгасан сургалтуудыг явуулахаас гадна хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх юм” гэв.
Бэлтгэсэн М.Оч