Ирэх оны улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг би анхнаасаа дэмжээгүй. Мөн нэр бүхий гишүүд төсвөөс хэрэггүй, илүү зардлуудын тооцооллыг гаргаж, 3.6 их наяд төгрөг хасуулахыг шаардсан. Төсвийг энэ чигээр нь баталбал эдийн засаг алдагдалд орж, инфляц хоёр оронтой тоонд шилжинэ гэдгийг шинжээчид ч анхааруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээ илэрхийлж байна. Төсөв хэлэлцэх үеэр алдагдалтай заалтуудыг эсэргүүцсэн гишүүдийг сайд нар тэнэг мангар мэтээр ярьж, хүч түрэн баталсан шүү дээ.
Дараа нь орлого, зарлагын зөрүүнд нэг ч хувь хүрэхгүй өөрчлөлт оруулж, даапаалсан. Хамтарсан Засгийн газрын эхний ажил уг нь төсөв батлах юм. Гэвч Засгийн газар уналтад орсныг үүгээр харууллаа. Мөн төсвийг баталсан эхний хувилбараар цаашид хэлэлцвэл ямар ч үр дүн гарахгүй. Ажлын хэсгийг шинээр бүрдүүлж, хариуцлагатай хүмүүс оруулмаар байна. Ц.Даваасүрэн ажлын хэсгийг ахалбал бүтэхгүй. Тэр тундаа Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт гарахгүй. Тиймээс түүнийг ажлаа өгөхийг шаардаж байна. Түүнийг огцруулахгүй бол бид хуралд суухгүй” гэж мэдэгдлээ.
М.ГЭГЭЭ