Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд 137 дугаар тогтоол гаргаж, газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа фойсон энержи” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг АМГТГ-т өгчээ. Үүний дагуу АМГТГ-ын дарга Л.Баярмандал, “Монголиа фойсон энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар бүтээгдэхүүн хуваах гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Манай улс газрын тосны хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангах зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй бөгөөд үүнийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Тэгвэл эл үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нь нэмэгдүүлэхэд дээрх компанийн Хэрлэнтохой XXVIII талбайд хийх хайгуулын ажил чухал нөлөөтэйг АМГТГ-ын удирдлага энэ үеэр онцлов.
Одоогоор манай улсад газрын тосны 18 талбайд, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 14 компани үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Энэ удаагийнх Засгийн газар газрын тосны хайгуулын шинэ талбайд найман жилийн дараа хийж буй гэрээ гэдгээрээ онцлог аж. Тус компани хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, соронзон болон хүндийн хүчний, хоёр, гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх, хайгуулын цооног өрөмдөх, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажилд 49.7 сая ам.долларын хөрөнгө зарцуулах бол байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 575 мянган ам.доллар төсөвлөжээ.
“Монголиан фойсон энержи”-гийн талаар интернэтэд “2023 онд байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн компани” гэсэн мэдээлэл байна. Хувьцаа эзэмшигч, өмчлөгчөөр нь БНХАУ-ын иргэн Мен Зи Лиг бүртгэжээ. Харин АМГТГ-ынхан “Монголиан фойсон энержи”-гийн хөрөнгө оруулагч нь 2007 оноос хойш газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр ажиллаж буй “Бээжин фуайер хөрөнгө оруулалт” ХХК гэж мэдээлсэн юм.
Н.Мишээл