Цасан шуурганд үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтарын тушаалаар нийслэлээс гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал, энэ сарын 17-ны 18.00 цагаас маргаашийнх нь 11.00 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Түүнчлэн орон нутагт ч цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зарим аймаг, сумын төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоожээ. Тухайлбал, Дундговь аймгийн Онцгой комиссоос Мандалговь, Даланзадгадаас Улаанбаатарыг зорих болон сум хоорондын авто замын хөдөлгөөнийг хязгаарласан аж. Улсын чанартай авто замын хөдөлгөөнийг тус аймгийн Онцгой комиссоос өчигдрийн 13.00 цагаас хэсэгчлэн нээж эхэлсэн байна. Түүнчлэн Увс аймгийн нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн чанартай нийт 2452 км зам, даваа хаагдсан гэнэ. Зам, давааг нээхийн тулд “Uvs auto owners” авто спорт сонирхогчдын холбооныхон сайн дурын үндсэн дээр Увс аймгийн Шуурхай штабтай хамтран ажиллахаар болжээ. Хэнтий аймагт ч өчигдрийн 11.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байв. Аймгуудын замын хөдөлгөөнийг нээж, цасыг нь цэвэрлэх ажлыг 24 цагийн турш хийж буй аж.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн